Ирэх өвөл төв, зүүн аймгуудаар хүйтэрч, цас их орно

Ирэх өвөл төв, зүүн аймгуудаар хүйтэрч, цас их орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2026 оны арванхоёрдугаар сараас 2027 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын улирлын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Тодруулбал, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг болон Завханы зүүн, Баянхонгорын зүүн, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх аж. Харин Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг болон Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөв гарчээ.

Нэгдүгээр сард ихэнх нутгаар дулаан байх ч төв, зүүн аймгуудаар цас ахиу орно. Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Энэ сард Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг болон Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох аж.

Хоёрдугаар сард мөн ихэнх нутгаар дулаан, зарим бүсэд хур тунадас ахиу байна. Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.

Хур тунадасны хувьд Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төвийн зүүн, Дорнод, Сүхбаатар болон Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөв гарсан байна. Ийнхүү ирэх өвлийн арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудаар хүйтэрч, хур тунадас ахиу орох бол нэгдүгээр болон хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.