Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 264 шатахуун түгээх станцад аравдугаар сарын 29-нөөс эхлэн иж бүрэн хяналт шалгалт хийхээр болжээ.
Шалгалтаар шатахууны нөөцтэй хэрнэ борлуулалтаа хязгаарлах, нэг түгээгүүрээр үйлчлэх замаар зохиомол дараалал үүсгэсэн зөрчил илэрвэл тухайн ШТС-ын газар эзэмших эрх болон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах аж.
Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва" Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дизелийн түлш хангалттай хэмжээнд байгаа гэсэн мэдээлэл ирсэн. АИ-92, АИ-95 бензин орж ирж байгаа. Шатахуун түгээх станцууд шатахууны нөөцтэй бол түүнийгээ бүх хошуугаараа түгээх хэрэгтэй байна. Хэрэв нөөцгүй бол иргэдэд нээлттэй мэдээлж, хиймэл түгжрэл үүсгэхгүй байхыг уриалж байна. Хиймэл түгжрэл үүсгэснээс болж тээврийн хэрэгслүүд авто замын 1, 2 дугаар эгнээнд дараалал бий болж, авто зам түгжирч, автобус ирэхгүй, иргэд олноороо удаан хугацаанд хүлээж, бухимдал үүссэн.Иймд өнөөдрөөс буюу энэ сарын 29-нөөс эхлэн ажлын хэсгийг байгуулж, Улаанбаатар хотод байгаа 264 ШТС-д хяналт тавина. Ийнхүү бензиний нөөцтэй байж нэг хошуугаар олгож зохиомол түгжрэл үүсгэж байгаа тохиолдлууд илэрвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монополийн эсрэг газартай хамтран тусгай зөвшөөрөл, нийслэлээс олгосон ШТС-ын газрыг цуцална” гэлээ.