ВИДЕО: Болгарын парламентын даргын хамгаалагч сэтгүүлчийг түлхэн унагаад, баривчлагджээ

ВИДЕО: Болгарын парламентын даргын хамгаалагч сэтгүүлчийг түлхэн унагаад, баривчлагджээ

Болгарын нийслэл Софи хотод тус улсын парламентын дарга М.Доцовагийн хамгаалалтын ажилтан сэтгүүлч С.Колтуклиеваг түлхэн унагаасан хэрэг гарчээ. Уг үйл явдал энэ сарын 22 /2026.10.22/-ны өдөр болсон бөгөөд сэтгүүлч албан тушаалтны автомашины хаалгыг нээн, түүнээс асуулт асуух үеэр хамгаалагч түүнийг хүчтэй түлхсэн аж.

ВИДЕО: 

Болгарын хэвлэлүүдийн мэдээлснээр, "уг сэтгүүлч мөр, эгэм орчмын гэмтэл авч, эмнэлгийн тусламж авчээ." Харин уг хэрэг явдлын бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, сэтгүүлчдийн аюулгүй байдал болон төрийн албан тушаалтнуудын хамгаалалтын ажилтнуудын үйл ажиллагаатай холбоотой асуудал Болгар улсад хөндөгдөж эхэлсэн байна.

Иймээс энэ сарын 23 /2026.10.23/-ны өдөр хамгаалалтын ажилтныг саатуулж, цэргийн прокурорын байгууллага уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Мөн Болгарын Үндэсний хамгаалалтын алба ажилтнуудын үйлдэлд дотоод шалгалт явуулахыг Ерөнхийлөгч Илиана Йотова шаардаж, сэтгүүлчтэй харьцсан уг үйлдлийг буруушаасан байна. Харин Болгарын парламентын дарга М.Доцовa болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, сэтгүүлчээс уучлал хүссэн байна. Харин сөрөг хүчний зарим нам парламентын дарга М.Доцовaг огцрохыг шаардаж эхэлжээ. 

Эх сурвалж: BTA.bg