БНСУ-д суралцаж буй Монгол оюутнуудын 6.5 хувь нь визийн хугацаагаа хэтрүүлжээ

БНСУ-д суралцаж буй Монгол оюутнуудын 6.5 хувь нь визийн хугацаагаа хэтрүүлжээ

БНСУ-д суралцаж буй Монгол оюутнуудын тоо 2026 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 20,784-т хүрчээ. Үүнээс 1,358 оюутан визийн хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байгаа нь нийт оюутны 6.5 орчим хувийг эзэлж байгааг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам мэдээллээ.

БНСУ-д суралцаж буй Монгол оюутны тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн байна. Тухайлбал, 2023 онд 14,295, 2024 онд 17,330, 2025 онд 19,865 оюутан суралцаж байсан бол 2026 оны наймдугаар сарын 30-ны байдлаар 20,784 болж өсжээ.  Үүнтэй холбогдуулан тус Элчин сайдын яамнаас БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эх, асран хамгаалагчдад сургуулийн сонголт, санхүүгийн боломж, хэлний бэлтгэл болон виз, оршин суух эрхтэй холбоотой хууль, журмыг урьдчилан судлахыг зөвлөжээ.

Мөн зуучлагч байгууллагын амлалт, сурталчилгаанд дангаар нь найдалгүйгээр сургуультай шууд холбогдож, элсэлт болон төлбөрийн мэдээллийг баталгаажуулах, хуурамч баримт бичиг бүрдүүлэхгүй байх, сургалтын болон амьжиргааны зардлаа бодитой тооцох шаардлагатайг анхааруулсан байна.

Түүнчлэн D-2 болон D-4 визтэй байх нь шууд ажил эрхлэх эрхтэй гэсэн үг биш тул цагийн ажил хийхээсээ өмнө сургуулийн холбогдох нэгж болон БНСУ-ын Цагаачлалын албанаас зөвшөөрөл, ажиллах цагийн хязгаарлалттай холбоотой мэдээллийг тодруулахыг зөвлөжээ. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ суралцах явц, хичээлийн ирц, амьдрах орчин, санхүүгийн болон сэтгэл зүйн байдалд тогтмол анхаарал хандуулах хэрэгтэйг Элчин сайдын яам онцолсон байна.