ХӨШИГНИЙ АРД: АН-ын бүлгийн хуралдаанаар Ардчилсан сэргэлт холбооны Д.Цогтбаатар бүлгийн даргын тамгыг зөвшөөрөлгүй авч явж, “нэхэж” авчээ

ХӨШИГНИЙ АРД: АН-ын бүлгийн хуралдаанаар Ардчилсан сэргэлт холбооны Д.Цогтбаатар бүлгийн даргын тамгыг зөвшөөрөлгүй авч явж, “нэхэж” авчээ

Өчигдөр болсон Ардчилсан намын бүлгийн хуралдаан, тэр дундаа Ардчилсан намын бүлгийн дарга болон дэд даргын асуудал улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ нь ч аргагүй. Учир нь гишүүдийн тоо болон эрх баригч намын алдаатай бодлого, шийдвэрт сөрөх өөр нам энэ парламентад алга.

"О.ЦОГТГЭРЭЛ ДАВАА ГАРАГТ БҮЛГИЙН ДАРГА БОЛОН ДЭД ДАРГЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ ГЭЖ ЗАР ТАРААЖЭЭ"

Харин Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн даргын “давхар дээл”-ийг өмсөөд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд түүнээс бүлгийн даргын албан тушаалаа хэзээ өгөх вэ гэж асуух бүрд тэрбээр “Би өгье гэсэн ч манай бүлгийн гишүүд байж бай гэдэг юм аа” гэсэн хариултыг өгч ирсэн. Тэгвэл энэ асуудал өнгөрсөн долоо хоногт дахин сөхөгдөж, О.Цогтгэрэл “ойрын хугацаанд өгнө” хэмээсэн юм.  Ингээд өнгөрсөн амралтын өдрүүдэд О.Цогтгэрэл намын бүлгийн гишүүддээ “Даваа гарагт болох бүлгийн хуралдаанаар бүлгийн дарга болон дэд даргын асуудлыг хэлэлцэнэ” хэмээх зарыг тараажээ.

"Б.ТҮВШИН: ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙГАА"

Ингээд товлолт өдөр болж, УИХ-ын гишүүн Б.Түвшин, Х.Тэмүүжин нарын нэр яригдаж эхэлсэн. УИХ-ын гишүүн Б.Түвшин ч өөртөө итгэлтэй байгаа тухайгаа ярьжээ. Гэхдээ гол асуудал нь тус намын бүлэг яагаад дэд дарга болон бүлгийн даргаа хэлэлцэж, эцэслэсэнгүй вэ гэдэг нь анхаарал татаж байна. 

ВИДЕО:

Харин бүлгийн хуралдааны дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар Б.Түвшинг 22, Х.Тэмүүжинг 15 гишүүн дэмжсэн. Харин О.Цогтгэрэл олонхийн санал авсан Б.Түвшинд бүлгийн даргын тамгаа өгөөгүй, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болжээ гэх мэдээлэл гарах боллоо.

"О.ЦОГТГЭРЭЛ БҮЛГИЙН ДАРГЫН ТАМГА БОЛОН МӨНГӨН АЯГА, ХАДАГТАЙ ОРЖ ИРЖЭЭ"

Тэгвэл уг бүлгийн хуралдааны уур амьсгал болон нэр дэвшүүлэлтийн асуудал огт өөр байжээ. Тодруулбал, Ардчилсан намын бүлгийн хуралдаан эхлэхэд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргын тамга болон мөнгөн аяга, хадагтай орж иржээ. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл бүлгийн даргын албан тушаалаа өгөх зорилготой орж ирсэн гэсэн үг. Мөн Ардчилсан намын бүлгийн даргад Б.Түвшин, Х.Тэмүүжин нарын нэр яригдсан. Энэ бол үнэн.

Гэхдээ бүлгийн хуралдаанаар бүлгийн дэд дарга болон бүлгийн даргатай холбоотой санал хураалт болоогүй аж. Учир нь АН-ын бүлгийн даргыг сонгох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хэлэлцэн шийдвэрлэхээр дүрэмд заасан байдаг. Харин өнөөдрийн бүлгийн хуралд таван гишүүн гадаад томилолт болон эмнэлгийн чөлөөний шалтгаанаар оролцоогүй байгаа юм.

"УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР БҮЛГИЙН ДАРГЫН ТАМГЫГ ХУЛГАЙЛЖЭЭ"

Харин үүнээс хойш сонирхолтой үйл явдал өрнөсөн байна. Тодруулбал, бүлгийн хурал дуусахтай зэрэгцэн Ардчилсан намын бүлгийн даргын тамгыг Д.Цогтбаатар зөвшөөрөлгүй авч явсан асуудал гарсан байна. Ингээд Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас түүн рүү холбогдсоны эцэст тэрбээр өчигдөр 17 цагийн орчимд бүлгийн даргын тамгыг авчирч өгчээ. Д.Цогтбаатар нь Ардчилсан намын дэргэдэх “Ардчилсан сэргэлт” холбоонд харьяалагддаг бөгөөд тэдний хувьд бүлгийн даргын сунгаанд УИХ-ын гишүүн Б.Түвшинг дэмжиж байгаа билээ.

"БҮЛГИЙН ДАРГА НЬ ГИШҮҮДИЙН БАЙР СУУРИЙГ НЭГТГЭДЭГ БӨГӨӨД ТУСГАЙЛСАН ЭРХ МЭДЭЛ ҮГҮЙ"

Энэ үйл явдал нь Ардчилсан намын хуваагдлыг харуулахаас гадна тус намын дотор эрх мэдэл, сандал суудлын төлөөх өрсөлдөөн ямар түвшинд байгааг харууллаа. Угтаа бол тэд манай нам эв нэгдэлтэй байгаа хэмээн ярьсаар ирсэн. Мөн УИХ-ын тухай хуулиар 10 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон нам, эвсэл бүлэг байгуулж болно. Бүлгийн даргыг тухайн бүлгийн гишүүд олонхын саналаар сонгодог бөгөөд тухайн намын УИХ дахь гишүүдийн байр суурийг нэгтгэж, парламент дахь улс төрийн ажлыг зохион байгуулдаг. Тусгайлсан эрх мэдэл үгүй. Магадгүй хувь гишүүнд имиж бүрдүүлдэг, олон нийтэд таниулдаг байж болох юм. Гэтэл энэ албан тушаалын төлөө тамга хулгайлан барин зүтгэж байгаа нь анхаарал татаж байна. Нөгөө талд, Х.Баттулгын талын гэгддэг гишүүд Х.Тэмүүжинг дэмжиж байгаа бол “Ардчилсан сэргэлт” холбооны хэд хэдэн гишүүн Б.Түвшинг дэмжээд байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Сануулахад, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн ялагдлын дараа Ардчилсан намын дотоод хагарал эхэлж, С.Эрдэнэ тамгатай, Х.Баттулга гэрчилгээтэй гэх тодорхойлолтод хүрч, нам 2023 он хүртэл хоёр хуваагдсан нөхцөл байдалтай явсан. Товчхондоо, энэ нам өдгөө тамга тэмдэг, суудлын төлөө бус эв нэгдэлтэй байж, ирэх сонгуулиудад ялалт байгуулах нь хамгийн чухал гэдгийг тэд ойлгоогүй л бололтой.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө