Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Говь-Алтай, Төв аймгуудад ямааны годрон өвчин гарч, олон тооны ямааг устгалд оруулж буй талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ямааны годрон өвчин 1950-аад онд хамгийн сүүлд гарч байсан. Ингэж явсаар 2024 онд хилийн бүсээр гарч, тухайн үед 15 мянга орчим ямааг устгалд оруулаад, нөхөн төлбөрийг нь өгөөд явсан. Ямааны годрон "Саятан сүрэг" гэж хэвлэлээр гараад байгаа аж ахуйн нэгжүүдээс иргэд рүү худалдаалагджээ. Энэ зарагдсан ухна нь "Арвас" үүлдрийн ухна юм байна. Гэтэл Монгол Улсад гаднаас эцэг мал импортолж оруулах зөвшөөрөл дунд Арвас гэдэг үүлдэр байхгүй. Тэгэхээр энэ асуудал цаашлаад хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал өндөр болчихож байгаа юм. Бүр цаашлаад мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу энийг бүртгэх, мал эмнэлгийн хяналтанд оруулах процесс огт хийгдээгүй явсан байна. Зүгээр л Монгол Улсын бүх хууль тогтоомжийг уландаа гишгээд энэ нөхцөл байдлыг бий болгосон байна. Нөгөө талдаа "Саятан сүрэг" дэлгүүрийнхэн хаашаа хаашаа хэдэн ухна зарснаа ч бүрэн хэлж өгөхгүй байна. Тэгэхээр энэ асуудал дээр бид өнгөрсө Пүрэв гарагт Тагнуулын Ерөнхий газар луу албан бичиг илгээсэн. Баасан гарагт Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албанд үүнийг хүргүүлсэн" гэлээ.