УИХ-ын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр /2026.10.05/ хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Улмаар уг асуудалтай холбоотойгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд өгөхөө мэдэгдсэн юм.
Тэрбээр, "2026 оны төсөвт тусгасан байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хассан байсантай холбогдуулан нэмэлтээр оруулж ирсэн. Өнгөрсөн тав дахь өдөр Төсвийн байнгын хороо, чуулганы үеэр хүний эрхийн асуудал яриахаар гишүүд гарч явсан. Харин мөнгө, санхүү болон хөрөнгө ярихаар бүгд сууж байдаг. Дан ялангуяа сайдын эрх, сайдын суудал ярихаар ирц 100 хувьтай байдаг атлаа хүний эрх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьд явах талаар ярихад бүгд танхимыг орхиж гарсан. Тэр дундаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир эсрэг санал өгч гарсан нь маш эмгэнэлтэй. Тэд сонгуулийн үеэр бидэнд нүүрээ харуулдаг атлаа бусад үед "бөгсөө" харуулж байна. Нэг талаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүн гэж тоохгүй байна. Тэргэнцэр дээр сууж байгаа УИХ-ын гишүүний үгийг тоохгүй байгаа юм чинь аймаг, сум болон гэртээ өвдөөд хэвтэж байгаа иргэнийг яаж сонсох юм. Энэ үйлдлийн цаана ямар нэгэн эрх ашиг байгаа бол тэр нь Монгол Улсын иргэн бүрийн ашиг юм. 2026 оны төсвийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж амьдралын түвшнээс ялаагүй доогуур байсан. Энэ үед салбарын сайд нь асуудлыг оруулж ирэх ёстой. Гэтэл сайд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал, ахмад болон малчдын тэтгэвэр тэтгэмжийн асуудлын талаар нэг ч удаа санаачилга гаргаагүй. Энэ хүний хамгийн чухал зүйл бол салбараа төлөөлж хүн амын бодлого зүйн асуудал болсон Монгол Улсын нийт хүн амын 13 хувийг эзэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг орхих ёсгүй. Түүний гаргасан уг үйлдэл хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт учраас сайдын ажлаа өгөх боломжийг бүрдүүлж байна" гэлээ.