Ж.Золжаргал: Төөрөгдсөн иргэдийн 1072 хувьцааг буцааж олгох арга хэмжээ авах хэрэгтэй

Ж.Золжаргал: Төөрөгдсөн иргэдийн 1072 хувьцааг буцааж олгох арга хэмжээ авах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өнөөдөр ЭТТ компанийн 1072 хувьцааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газраас “Хувь хишиг хүртээнэ” гэсэн төөрөгдүүлсэн мэдээллээс болж 300 гаруй мянган ахмад Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааг төрд буцааж өгсөн. Дараа нь сайн хувьцаа гэдэг акц болсон. Зарим хүмүүс энэ акцаар хувьцааныхаа хагасыг улсад буцааж зарсан. Тухайн хүн хувьцаагаа зарах эсэх нь өөрийнх нь асуудал мөн. Гэхдээ орлого багатай, ядарсан иргэдийг хишиг, хувь хүртээнэ гэдэг нэрээр явсан нь төөрөгдүүлсэн үйл ажиллагаа гэж үзэж байна. Иргэний хуулийн 58-д “төөрөгдүүлсэн үйл ажиллагаа” гэж байдаг. Энэ үйл ажиллагааны явцад 324 мянга гаруй ахмад, 278 мянга гаруй оюутан ЭТТ 1072 хувьцаанаасаа салжээ. Чуулганы завсарлагаанаар иргэдтэй уулзахад маш их санал гомдол ирсэн. “Бид мэдээллийн дутмаг байдалд байсан”, “Төөрөгдүүлсэн нэр томьёо төрөөс ашигласан учир хувьцаагаа буцаагаад өгчихсөн юм”, “Арилжаанд оруулах гэж байгаа бол эхлээд бидний хувьцааг буцааж өгөх арга хэмжээ авч өгөөч” гэсэн хүсэлт их байна. Би үүнийг үндэслэлтэй гэж үзэж байгаа.

2010 онд УИХ-аас “Эрдэнэс таван толгой”-н хувьцааны 50 хүртэлх хувийг олон нийтэд хүргэх тухай 39 дүгээр тогтоол баталсан. Үүнээс 1072 хувьцааг олон нийтэд, зарим аж ахуй нэгжид бага хэмжээтэй олгосон. Эд нар нийлээд одоогийн байдлаар 26 хувь байгаа. Өөрөөр хэлбэл олгоогүй 24 хувь хувьцаа үлдсэн гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын 39 дүгээр тогтоол хэрэгжээгүй байна. Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ тогтоолыг хэрэгжүүлмээр байна. Тус тогтоолд биччихсэн 20 хувийг хурдан хөрөнгийн бирж дээр арилжаанд оруулаач ээ. Төөрөгдсөн хүмүүсийн хувьцааг буцааж олгох арга хэмжээ ав.

ЭТТ компани 2019-2025 оны хооронд есөн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, иргэдэд 2.4 их наяд төгрөгийн ногдол ашиг очсон байна. Энэ бол бага мөнгө биш. Үүнээс ч нэмэгдэх боломж байна. Мөн өнгөрсөн хугацаанд шахмал түлшинд 1.7 их наяд төгрөг зарцуулсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд 59 тэрбум, менежментийн асуудлаар 200 тэрбум, Баялагийн сан руу орох байсан 3.7 их наяд төгрөгийг өр хэлбэрээр бичиж, өөр төсөл хөтөлбөрүүд рүү зарцуулсан.

Энэ бүх тоо баримт Монгол Улсын Үндэсний Аудитын газраас ирсэн Нийцлийн тайлан. Ингээд бодоход энэ асар их мөнгөөр дандаа намын сүлжээг тэжээж байгаа. Үлдсэн хувьцаагаа гаргаагүй байж иргэдийн гар дээр байгаа хувьцааг арилжих гэж яараад хэрэггүй. Иргэдийг төөрөгдүүлсэн асуудлаар ажиллаж буй хүмүүстэй бид санал нэгдэн ажиллана. Энэ асуудлыг хууль тогтоох байгууллага шийдэх хэрэгтэй байна" гэв.