ТОМИЛОЛТ: Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалаар “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөж, шатахууны нөөц бүрдүүлэх цогцолбор болон ЖЕТРО-гийн төлөөлөгчийн газрыг нээхээр хэлэлцлээ

ТОМИЛОЛТ: Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалаар “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөж, шатахууны нөөц бүрдүүлэх цогцолбор болон ЖЕТРО-гийн төлөөлөгчийн газрыг нээхээр хэлэлцлээ

Токио хотын 31 дэх өдрийн бороо биднийг угтлаа.  Өндөр шилэн барилга, хуучны “ганган” архитектурыг нягт зэрэгцүүлсэн чийглэг арлын орон. “Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр” гэдэг дээ. Япон яг л ганган дээлтэй, хуучин хүн шиг санагдаж байв.

- ЯПОНЫГ БИ ГАЗАР ДООРООС ОЛОВ - 

Автобусанд суугаад хурдны замаар давхиж ахуйд шил дагаж урссан усны цаана өнгө өнгийн гэрэл, өндөр шилэн барилга, усан дундуур давхилдах завь гээд их л том. Гэхдээ энэ яг жинхэнэ япон биш байжээ. Японыг харин метроноос олов. Энд албан тушаалтантай, “архичинтай”, зурагнаас хардаг утсаа ширтэн цахилгаан шатаар өгсөж уруудах хүмүүсийг амьдаар нь харж болно. Япон хүмүүсийн хэтэрхий гэмээр эелдэг нь, бас хэмжээ хэтэрвал зандарч чаддагыг ч эндээс мэдэж болно.  Эндээс дээшээ гараад Токио хотын төвд хувийн хэрэглээний автомашин олж харах нь “өдрийн од” адил ховор үзэгдэл ажээ. Замаар ихэвчлэн л автобус хүргэлт, такси зэрэг үйлчилгээний машинууд цуварна. Машиных нь замаар бас хүүхэд ч ганцаараа алхаад явж болдог нь харагдана.

Тэрхэн зуурт бас энэ улсын гол үйлдвэрлэл нь машин шүү дээ гэсэн бодол төрөх. Япон улс 2024 онд 8.23 сая орчим автомашин үйлдвэрлэсэн томоохон нийлүүлэгч, манай улсын автомашины хэрэглээг ч “дааж авсан” үйлдвэрлэгч гэхэд хол зөрөхгүй болов уу. Тодруулбал, 2025 онд Монгол Улс нийт 90,406 суудлын автомашин импортолсноос 91.6 хувь буюу 82 мянга гаруй нь Япон улсаас гаралтай байна. Харин тэнд амьдарч буй иргэдийн автомашины хэрэглээ бага байдаг нь эндхийн амьдралын өртөгтэй нягт холбогддог биз ээ. Яг л манай улсын “мөрөөдөл” шиг голын дээгүүр тавьсан хурдны замууд сүлжилдэж байх. Үүгээр давхих бүрийд явсан хугацаанаасаа хамааран төлбөр төлж, дээрээс нь шатахуун зогсоолын төлбөр, автомашины татвар нь өндөр байдаг юм байна.  Энд харин тансаг зэрэглэлийн автомашинтай олон тааралдлаа. Токио хот машиныг чимдэг, эсвэл машинууд Токио хотыг чимдэг аль нь болохыг мэдэхгүй юм. Ямартай ч тансаг автомашин мөрөөдөлтэй бол тэр нь Токио хотын хурдны зам дээр биелж байгаа биз ээ.

- СҮМO БӨХ ДЭЛХИЙН СПОРТ БОЛСОН НЬ ТОД ТОМРУУН ХАРАГДАЖ БАЙЛАА - 

Ийм л 14 сая хүн амтай их хотоос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал анхны албан ёсны айлчлалыг ажиглаж яваад ирлээ. Ерөнхий сайдын айлчлал спортоор эхэлсэн юм. Н.Учрал “Айчи- Нагояа 2026” наадмаар зочилж, тэмцээний уур амьсгалыг өөрийн биеэр мэдэрч, оролцож буй монгол тамирчидтайгаа уулзан баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийж байх үеэр Монголын жүдо бөхийн тамирчин, ОУХМ К.Ёолк “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд аваргын төлөө барилдаж, улмаар Узбекистаны Абдурахим Нутфуллоевыг иппоноор ялж, Монголын багийн анхны алтан медалийг хүртсэн онцлох үйл явдал тохиосныг тодотгоё.

Түүнчлэн айлчлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал сүмо бөхийн өргөөгөөр зочилсон юм. Монгол, Японы ард түмнийг холбодог соёлын нэгэн чухал гүүр болсон сүмо бөхөд Монголын олон бөх амжилт гаргаж, хоёр орны спорт, соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Үүгээр ч зогсохгүй сүмо бол “дэлхийн спорт” болсон нь ч мөн тод томруун харагдаж байлаа. Сүмогийн өргөөний гадуур алхаж буй гадны жуулчид гайхан биширч, камерын товчлуураасаа гараа салгахгүй алхална. Японы сүмог дэлхийд гарахад монголчуудын нөлөө бас их билээ л. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомыг 2010 оноос эхлэн жил бүрийн тодорхой башёгийн түрүү бөхөд гардуулдаг уламжлал тогтсон юм. Хамгийн анх 2010 оны есдүгээр сарын Аки башёд түрүүлсэн Хакүхо энэхүү цомыг хүртэж байлаа. Тэгвэл айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын сарын Аки башё-гийн үеэр Сүмогийн өргөөнд зочилж, тус тэмцээнд амжилттай барилдаж түрүүлсэн ёкозүна Оносатод Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомыг гардуулан өгсөн нь хоёр улсын соёл, спортын салбарын чухал үйл явдал боллоо.

- ЯПОН УЛСАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ НЭМЭГДЭЖ БАЙНА - 

Япон улс уламжлалт нийгмийн тогтолцоо, улс төрийн салбар дахь эрэгтэйчүүдийн давамгай оролцоотойгоор олон жилийн турш эмэгтэйчүүдийн төрийн өндөр албан тушаалд эзлэх байр суурь харьцангуй бага байсан орнуудын нэг. Харин энэ байдал сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, эмэгтэйчүүд улс төр, төрийн шийдвэр гаргах түвшинд илүү олноор оролцох болсон байна. Үүний хамгийн тод жишээ нь 2025 онд Санаэ Такаичи Японы түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон явдал юм. Тэрбээр Японы улс төрийн дээд түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж буйн бэлгэдэл болсон бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүд төрийн өндөр албан тушаал хашиж, бодлого шийдвэрлэх түвшинд ажиллаж байна. Японы Засгийн газар ч эмэгтэйчүүдийн бодлого, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхийг зорилтын нэг болгон хэрэгжүүлж байгаа юм. Харин эсрэгээрээ үйлчилгээний салбарт ажиллах эрчүүдийн тоо ч мөн өсч буй нь дэлгүүр, зоогийн газар орох бүрт алхам тутам анзаарагдаж байлаа. 

Ерөнхий сайдын айлчлалын үеэр япончууд Ерөнхий сайд Н.Учралын тухай “өндөр, царайлаг” Ерөнхий сайдтай юм байна хэмээн магтаж байлаа. Харин би Японы "жижигхэн" эмэгтэй сайд ямар "том" хүн болохыг харж байсан юм. Их ихэмсэг, намбалаг инээмсэглэл тодруулсан Ерөнхий сайд Санаэ Такачи Монгол Улсын Ерөнхий сайдыг дээд зэргээр хүндэтгэн хүлээн авлаа. 

- МОНГОЛ УЛС ХАМГИЙН СҮҮЛИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭРЭЭ “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ -

Хөдөлмөрийн Баатар, Төрийн соёрхолт Н.Жанцанноров Монгол Улсыг “арлын орон” хэмээн тодорхойлсон байдаг. Японы хэвлэлүүд ч Монгол улсыг "Хятад болон Орос гэсэн хоёр том гүрний дунд оршдог улс" гэдгийг онцолж, Японы засгийн газар Монголтой харилцаагаа гүнзгийрүүлж байгаа нь "Эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх ёс"-нд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалахад чиглэж буй гэлээ. Тодруулбал,  Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын нөлөөг тэнцвэржүүлэхэд Монгол улс Японы хувьд маш чухал "ардчилсан түнш" хэмээн үзэж буй аж. Арлын оронд хийсэн энэхүү айлчлалаас “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийг авч “ирлээ”.

Тодруулбал, Япон улстай 158  иений,  1.1%-ийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, эхний 10 жил бол үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг хийсэн юм.

Энэ зээл нь мөн Монгол Улсын авч буй хамгийн сүүлийн хөнгөлөлттэй зээл болж байна. Учир нь манай улс Дэлхийн банкны ангиллаар Монгол дундаас дээш орлоготой орны ангилалд орсон тул дараагийн удаа зөвхөн арилжааны зээлээр хөгжлийн төслүүдээ санхүүжүүлэх болж байгаа юм. Одоо бидний ашиглаж буй “Чингис хаан” буудал 1,6 сая зорчигчийг хүлээн авах хүчин чадалтай. Гэсэн ч энэхүү ачааллаас давж, жилдээ 2 орчим сая зорчигчийг хүлээн авч байна.  Энэ төслийг хэрэгжүүлснээр нисэх буудлын хүчин чадал 3.2 дахин нэмэгдэнэ. Нийтдээ 5,2 сая зорчигчийг хүлээн авах чадал бүхий ачаа терминалын өргөтгөлийг шинээр байгуулна. Нийтдээ 81 орчим мянган м.кв барилга байгууламж, инженерийн шугам, дулаан сүлжээний ажлыг энэ төслийн хүрээнд хийж гүйцэтгэнэ. 2039 он гэхэд ашиглалтад орохоор тооцоолж байна. Түүнчлэн “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлыг орон нутгийн нисэх буудлын зориулалтаар ашиглах хүсэлтийг Японы тал хүлээн авлаа.

Үүний зэрэгцээ Япон Улс  газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад бүрэн дэмжин ажиллахаар боллоо.  Монгол Улсын нэг сарын хэрэглээг нөөцлөх түлш шатахууны савтай болох нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн манай улстай хийж буй худалдааны бодлогынхүү хүрээнд экспортыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.  Энэ хүрээнд Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын  Төлөөлөгчийн газрыг нээхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийллээ.

- ЯПОНД СУРЧ, АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ДАРААГИЙН ХҮСЭЛ НЬ МОНГОЛДОО МЭДЛЭГЭЭ АШИГЛАХ - 

Япон улсад манай 21 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байна. Эдгээрээс ур чадварын дадлагажигч болон тусгай ур чадвартай ажилтан 3300 орчим,  4700 гаруй оюутан,  ажлын визтэй 4900 орчим иргэн, мөн 4200 гаруй иргэн  гэр бүлийн визтэй, 1500 гаруй иргэн байнгын оршин суугчаар амьдарч буй аж.  Айлчлалын төгсгөлд Ерөнхий сайд Н.Учрал болон төрийн түшээд Япон улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.  

Уулзалтанд ирсэн иргэд “Японд сурсан мэдлэгээ Монголдоо ашигламаар байгаа ч очоод ажлын байр байхгүй байгаа”, “Эцэг, эхчүүд хүүхдээ эх хэлээ мартахгүй, түүх соёлоо мэддэг Монгол хүн болгон өсгөхийг хүсэж байна”, мөн “Гадаадад ажилласан жил, төлсөн нийгмийн даатгал нь ирээдүйн тэтгэвэр, нийгмийн баталгаатай нь уялддаг тогтолцоотой болох ёстой” зэрэг асуудлыг ярьж байлаа.

Түүнчлэн Япон улс гадаадын иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр виз, оршин суух эрх болон нийгмийн зохицлын асуудалд тавих зохицуулалтаа чангатгах чиглэлд анхаарч байгаа тул монгол улсын иргэдийн тоо цаашид олон тоогоор нэмэгдэхгүй байх магадлалтай гэдгийг Элчин сайдын яамны мэргэжилтэн хэлсэн юм. 

Энд манай улсын дөрвөн мянга гаруй оюутан суралцаж байгааг дахин тодотгоё. Япон улс дэлхийн боловсролын чансаа, үнэлгээний жагсаалтуудад тогтмол тэргүүлэх орнуудын эгнээнд багтаж, Азидаа боловсролоороо тэргүүлэгч гол гүрнүүдийн нэг байр суурийг хадгалсаар ирсэн билээ. Энэ хүрээнд Монгол Улс инженер, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд Японы боловсролын тогтолцоо, туршлагыг ашиглахад анхаарч ирсэн. Тухайлбал, 2014 оноос хэрэгжүүлсэн “Инженер, технологийн дээд боловсрол” (MJEED) буюу “1000 инженер” төслийн хүрээнд Монголын оюутан, багш, судлаачдыг Японд сургаж, инженер, технологийн чиглэлээр мэргэшүүлсэн юм. Тэгвэл энэ удаагийн айлчлалын хүрээнд тус төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал хамтран ажиллах эрмэлзлэлээ нотолж, Монголын инженер, техникийн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, Японы дэвшилтэт технологи, мэдлэг, туршлагыг Монголд нутагшуулах хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон зэрэг олон онцлог үр дүнтэй айлчлал боллоо.

Ингээд явах цаг болоход эрээлжилсэн хаягтай нарийхан гудамжийг нь, хогийн савгүй ч цэвэрхэн, хөлөө амраах сандалгүй ч ядрах завдал өгөөгүй Токио хотыг санах юм шиг бодогдоод байв. Тэгээд бас нэг ирсэн хүн дахиад заавал ирдэг гэдэг үгээр аяны богц хийгээд, автобусандаа суугаад Нарита руу хөдлөв. 

Токио хотын 35 дахь өдрийн бороо биднийг үдлээ.