Ж.Батзандан улс төрд орохтой зэрэгцэн түүний ах Ж.Бат-Эрдэнэ ХХЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилогдож байсан бол өдгөө дарга нь болжээ

Ж.Батзандан улс төрд орохтой зэрэгцэн түүний ах Ж.Бат-Эрдэнэ ХХЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилогдож байсан бол өдгөө дарга нь болжээ

Сүүлийн үед улс төрчид өөрийн хамаарал бүхий хүмүүсээ төрийн байгууллагад томилуулах, томилгоонд нөлөөлсөн байж болзошгүй асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ нь төрийн албан тушаалд томилох үйл явц шударга, ил тод байх ёстой гэсэн хүлээлттэй холбоотой.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнийн төрийн албан тушаал ч анхаарал татаж байна. Ж.Батзандан 2008 онд Иргэний хөдөлгөөний намын даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин, анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2016 оны сонгуулиар дахин УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүхтэй.

Харин Ж.Батзанданг улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд орж эхэлсэн үетэй зэрэгцэн түүний төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ 2008-2012 онд Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж эхэлсэн байна.  Мөн Ж.Бат-Эрдэнэ 2018 оны 12 дугаар сарын 28-нд Ерөнхий сайдын 214 дүгээр захирамжаар Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр дахин томилогдож, бүрэн эрхийн хугацааг 2022 оны 12 дугаар сарын 28 хүртэл тогтоосон. Өдгөө Ж.Бат-Эрдэнэ нь Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар ажиллаж байна. 

Эндээс Ж.Батзандан ахынхаа төрийн албан тушаалд томилогдоход нөлөөлсөн гэх шууд баримт харагдахгүй. Харин нэг талаас Ж.Батзанданг улс төрд идэвхтэй орж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон он жилүүд, нөгөө талаас түүний ах Ж.Бат-Эрдэнийн төрийн байгууллагад ажилласан хугацаанууд давхцаж байгаа нь анхаарал татаж байна. Мөн уг асуудлыг намын нөхөд, олон нийт ч шүүмжилж буй юм.