9/11-ний халдлагын дараа Нью-Йоркчуудад хортой агаарын талаар “худал” хэлсэн гэж Мамдани мэдэгджээ

9/11-ний халдлагын дараа Нью-Йоркчуудад хортой агаарын талаар “худал” хэлсэн гэж Мамдани мэдэгджээ

2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д болсон террорист халдлагын дараа Нью-Йоркийн Манхэттэн дэх Дэлхийн худалдааны төвийн орчимд агаарын чанар аюултай хэмжээнд хүрсэн байсан ч эрх баригчид иргэдэд учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэлийг бууруулан мэдээлж, тухайн бүсийг аюулгүй хэмээн тайвшруулж байсан талаар шинээр ил болсон олон мянган баримт бичигт дурджээ.

Тодруулбал, Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани 9/11-ийн халдлагатай холбоотой 170 мянга гаруй баримт бичгийг олон нийтэд ил болгож, Дэлхийн худалдааны төвийн цамхгууд нурсан “Тэг цэг”-ийн ойролцоо асбес /барилгын материалд маш өргөн ашигладаг бодис/-т “бараг хаа сайгүй” илэрч байсан гэж мэдэгджээ. 

Тэрбээр “Хүмүүс итгэж байсан удирдагчдаа үнэмшиж, хортой агаараар амьсгалахад аюулгүй гэж бодсон учраас өвчилсөн. Гэтэл тэдэнд худал хэлсэн” хэмээн онцолжээ.

Дэлхийн худалдааны төвийн Ихэр цамхаг нурж, агаарт тархсан тоос шороо, утаа, хорт бодисын нөлөөнд өртсөний улмаас мянга мянган хүн эрүүл мэндийн ноцтой асуудалтай болсон байдаг. АНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, уг халдлагын дараах хорт бодисын нөлөөлөлтэй холбоотой өвчнөөр нас барсан хүний тоо халдлагын үеэр амиа алдсан бараг 3000 хүний тоотой дүйцэх хэмжээнд хүрсэн талаар өмнө нь мэдээлж байжээ. Аврах ажиллагаанд оролцсон хүмүүс, тухайн орчимд амьдарч, ажиллаж байсан иргэдийн олонх нь хожим астма, амьсгалын замын өвчин болон төрөл бүрийн хорт хавдраар өвчилсөн байна.

Шинээр нийтлэгдсэн баримтуудад агаарын чанарын тайлан, хотын албан тушаалтнуудын хоорондын захидал харилцаа болон дотоод тэмдэглэлүүд багтжээ. Телевизийн хөтлөгч, 9/11-ийн хохирогчдын эрхийг хамгаалагч Жон Стюарт эдгээр баримт нь Нью-Йорк хотын эрх баригчид 2001 оны аравдугаар сар гэхэд Манхэттэний зарим хэсгийн агаар эрүүл мэндэд аюултай байсныг мэдэж байсан болохыг харуулж байна гэжээ.

Тэрбээр “Тэд энэ мэдээллийг ердөө 25 жилийн турш нуусан гэсэн үг” хэмээн ёжлон хэлсэн байна.

Баримтуудаас үзэхэд, халдлагын дараа хэдэн сарын турш “Тэг цэг”-ийн орчимд асбест илэрсээр байсан ч иргэдэд тухайн бүс рүү буцаж очиход аюулгүй гэсэн мэдээлэл өгч байжээ. Тухайлбал, “Хардингийн тэмдэглэл” гэж нэрлэгддэг 2001 оны аравдугаар сарын дотоод захидал харилцаанд Нью-Йорк хот халдлагын дараах арга хэмжээтэй холбоотойгоор 35 мянга хүртэлх хууль ёсны нэхэмжлэлтэй тулгарч болзошгүйг тухайн үеийн хотын даргын орлогч асан Роберт Хардинг анхааруулсан байна.

Уг баримтад эрх баригчдын өгсөн эрүүл мэндийн зөвлөмж хүмүүсийг аюултай бүс рүү хэт эрт буцаж очиход хүргэж, хорт бодист өртөх болон сэтгэл санааны хохирол амсах эрсдэл бий болгосон тул хотын захиргааг шүүхэд өгөх боломжтой гэж дурджээ.

Мөн тухайн үеийн Конгрессын гишүүн Жерри Надлерийн гаргасан асуудлуудыг тусгасан өөр нэг тэмдэглэлд асбест илэрсэн нөхцөлд иргэдэд тоос шороо, хог хаягдлыг “нойтон алчуур, даавуугаар цэвэрлэх” зөвлөгөө өгч байсан талаар дурдсан байна. Гэвч асбестын бохирдлыг цэвэрлэх ажлыг мэргэжлийн хүмүүс хийх ёстой байдаг ажээ.

Тухайн үед Нью-Йорк хотын захиргаанд ажиллаж байсан хүмүүсийн дотоод баримтуудад шинжилгээгээр зарим тоосны дээжээс асбест илэрсэн ч албан ёсны мэдэгдлүүдэд дотоод орчны агаарт асбестын хэмжээ өндөр түвшинд хүрээгүй гэж тайлбарлаж байсан нь ч тусгагджээ.

9/11-ийн халдлагын дараах эхний өдрүүдэд Нью-Йорк хот болон АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг болох EPA-ийн зарим албан тушаалтан Дэлхийн худалдааны төвийн орчмын агаар аюулгүй гэсэн мэдэгдэл хийж байсан юм. Тухайн үеийн EPA-ийн тэргүүн Кристин Тодд Уитман хожим энэ асуудлаар уучлал хүсэж, тухайн үед өөрсдөд нь байсан мэдээллийн хүрээнд боломжтой бүхнийг хийсэн гэж мэдэгдэж байжээ.

Эдгээр баримт бичгийг нийтэлсэн нь өмнө нь холбогдох бүртгэл байхгүй гэж мэдэгдсэний дараа 9/11-ийн Эрүүл мэндийн хяналтын бүлгээс гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх нэг хэсэг болсон байна. Нью-Йорк хотын албаныхан өнгөрсөн онд 68 хайрцаг баримт бичиг шинээр олжээ. Агаарын чанарын тайлан болон бусад баримтыг 9/11-ийн халдлагын 25 жилийн ойтой холбогдуулан энэ долоо хоногт цахим порталд байршуулсан бөгөөд ирэх нэг жилийн хугацаанд нэмэлт баримтуудыг үе шаттайгаар олон нийтэд ил болгохоор төлөвлөж байна.

9/11-ийн Эрүүл мэндийн хяналтын бүлгийн шүүхийн хэрэгт оролцсон Карен Клингон BBC-д өгсөн ярилцлагадаа түүний ах “Тэг цэг”-ээс таван минутын зайд амьдардаг байсан бөгөөд халдлагын дараа астма өвчинтэй болж, хожим хорт хавдраар өвчилсөөр 61 насандаа тархины хавдрын улмаас нас барсан тухай ярьжээ. Тэрбээр “Агаарт яг ямар бодис байсан, тэдгээр хорт бодис ямар өвчин үүсгэсэн талаар илүү өргөн хүрээтэй судалгаа хийх боломжтой болно гэж найдаж байна. Энэ нь өвчилсөн хүмүүст төдийгүй ирээдүйд үнэнийг мэдэхэд тусална” гэжээ. Мөн 2019 онд “Тэг цэг”-ийн хорт бодист өртсөний дараах хорт хавдрын улмаас нас барсан ах Луис Альварезийнхээ талаар Фил Альварез ярихдаа, “Хүмүүс одоо ч өдөр бүр өвдөж, нас барсаар байна” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: BBC