МҮЭХ: Боловсрол, эрүүл мэндийн салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлэхгүй бол дахин тэмцэнэ

МҮЭХ: Боловсрол, эрүүл мэндийн салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлэхгүй бол дахин тэмцэнэ

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ) боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тэмцэл хөдөлгөөний үр дүн, гарсан шийдвэр, тохиролцооны хэрэгжилт, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөвт тусгах шаардлагатай асуудлуудын талаар өнөөдөр /2026.09.02/ мэдээлэл хийлээ.

Тус холбоод өнгөрсөн онд өрнөсөн боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын өргөн хүрээний тэмцэл хөдөлгөөний үр дүнд цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой тодорхой тохиролцоонд хүрсэн байна.

Тухайлбал, боловсролын салбарын ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар, арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 25 хувиар нэмэгдүүлж, нийт 75 хувиар өсгөхөөр тохиролцсон.  Харин эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхээс гадна наймдугаар сарын 1-нээс он дуустал сар бүр есөн хувиар нэмэгдүүлэхээр хэлэлцээр байгуулсан байна. Мөн Засгийн газраас хэлэлцээрийн хүрээнд үүсэж болзошгүй хохирлыг бүрэн хариуцахаар амласан юм.  Гэвч дээрх тохиролцоог хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг салбарын түвшинд байгуулсан хэлэлцээрийн дагуу төсөвт бүрэн тусгаагүйгээс асуудал үүсэж байгааг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хэллээ.

Түүнчлэн 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсөвт салбарын ажилтнуудын цалин, нийгмийн хамгаалалтай холбоотой тохиролцоог хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тусгах шаардлагатай гэж үзэж байна.

МҮЭХ-ны мэдээлснээр, Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 144 дүгээр конвенц болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийгмийн түншлэлийн зарчмыг баримтлах үүрэгтэй. Энэ хүрээнд талуудын хооронд хэлэлцээрийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан бөгөөд уг хэлэлцээрээр ойрын хоёр жилийн хугацаанд цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэн байна. Гэвч салбарын яамд улсын болон салбарын түвшний шийдвэр, хэлэлцээрийг Засгийн газарт өргөн мэдүүлэхдээ тухайн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хангалттай зөвшилцөхгүй байгааг МҮЭХ шүүмжиллээ.

Тэдний зүгээс өмнөх тэмцэл хөдөлгөөний үр дүнд байгуулсан гэрээ, хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох, хэрэгжилтийг хангахыг Засгийн газраас шаардсан бөгөөд хэрэв цаашид байгуулсан гэрээ, хэлэлцээрээ хэрэгжүүлэхгүй, салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөхгүй хэвээр байвал дахин тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхэд бэлэн байгаагаа МҮЭХ болон салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдэгдлээ.