БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн асуудлаар тохиролцжээ.
Тэдний уулзалтын үеэр дараах есөн асуудлыг онцолсон байна. Үүнд:
1. Монгол Улс бага болон дунд оврын атомын цахилгаан станц барьж байгуулах чиглэлээр ОХУ-ын “Росатом” компанитай хамтран ажиллана.
2. “Улаанбаатар төмөр зам”-ын техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоогийн 30 сая тонноос 50 сая тоннд хүргэхээр ажиллана.
3. ОХУ-Монгол-БНХАУ гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замын төв коридор байгуулах асуудлыг урагшлуулж, транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
4. Олон улсын зах зээлд шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа ч Монгол Улсын хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр хамтран ажиллана.
5. ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судална.
6. ДЦС-3-ын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зохион байгуулж, Монгол Улсын эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллана.
7. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулахын зэрэгцээ хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
8. ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
9. ОХУ, Монгол Улсын бүс нутгийн чуулганыг есдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Чуулганд ОХУ-ын бүс нутгийн 400 гаруй зочин оролцож, хоёр улсын хамтарсан төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэх юм.