Нийслэлийн төвд олон жил үйл ажиллагаа явуулсан “Урт цагаан”-ы хуучин барилгыг буулгаж, оронд нь иргэдийн амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төв бүхий цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдөр иргэдийн амарч зугаалах зориулалттай гэх энэ талбайд хоолны цэг, худалдаа үйлчилгээний газрууд олширч, тэг дунд нь барьсан том гэрт хоол зарж, том асарт нь шар айраг худалдаалах болжээ.
ВИДЕО:
- ИРГЭДИЙН 96 ХУВЬ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХЫГ ДЭМЖСЭН -
“Урт цагаан”-ы хуучин барилгыг буулгахын өмнө 2023 онд тухайн үеийн Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс иргэдээс санал авч, уг газрыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгох уу, эсвэл худалдаа үйлчилгээний зориулалтаар дахин барих уу гэдгийг асууж байв. Санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн байна.
Ингээд 2024 оны нэгдүгээр сард хуучин барилгыг буулгаж, мөн оны есдүгээр сараас шинэ бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. 1.3 га талбайд далд авто зогсоол, үйлчилгээний барилга, явган болон дугуйн зам, усан толь, будант оргилуур, ногоон байгууламж бүхий цогцолбор байгуулахаар төлөвлөсөн бөгөөд нийт төсвийг 44.1 тэрбум төгрөгөөр тооцож байжээ.
- ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ДҮҮРГЭЭСЭЭ АВДАГ -
Одоогийн зохицуулалтаар нийтийн эзэмшлийн талбайд явуулын түргэн хоол, улирлын болон түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршлыг тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газраас баталдаг. Харин худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг нийслэлийн цахим системээр хүргүүлж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлснээр үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой байдаг. “Урт цагаан”-ы талбайд худалдаа эрхэлж буй иргэдээс тодруулахад дүүргээсээ зөвшөөрөл авсан гэдгээ хэлж байлаа.

“Bubu Chicken”-ийн худалдаа эрхлэгч “Урт цагаан”-ы энэ хэсэг нь хүмүүс удаан саатаж амрах гэхээсээ илүү дамжин өнгөрдөг газар гэдгийг хэлээд, тухайн орчимд хоолны үйлчилгээний цэгүүд олон байгааг дурдсан юм. Түүнчлэн зүүн талаар эргээд Тэди рүү явах зам дагуу ч хоолны газрууд олширсныг хэлж байлаа. Харин өөр нэгэн хоолны худалдаа эрхлэгчийн хувьд гудамжны хоолны соёл хөгжих нь буруу зүйл биш ч нэг дор олон хуушуур, тахианы газар байхаас илүү нэр төрлийг нь олшруулах хэрэгтэй гэж үзэж байв. Мөн иргэдээс санал, гомдол ирэхийн хэрээр хоолны чанар, нэр төрөл сайжирна гэдгийг хэлсэн юм.

- ИРГЭД: "КОФЕ, ЦАЙ УУГААД СУУХ ГАЗАР БАЙЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХЭТРЭХЭЭРЭЭ МУУХАЙ" -
Биднийг “Урт цагаан”-ы цэцэрлэгт хүрээлэнд очиход өдрийн 15:00 цаг болж байсан бөгөөд тухайн үед амарч, зугаалж буй хүн цөөн, орчин харьцангуй нам гүм байлаа. Энд зугаалж явсан иргэдээс орчны талаар тодруулахад бүтээн байгуулалтыг сайшааж байсан ч худалдаа, үйлчилгээний цэгүүдийн тоо хэт олширч байгааг шүүмжилж байв. Нэгэн иргэн “сайхан бүтээн байгуулалт болсон байна. Гэхдээ энэ том асрыг авчихвал илүү гоё болох байх” хэмээн хэлээд, иргэд зугаалангаа кофе, цай ууж суух үйлчилгээ байх нь буруу биш ч хэт олшрох нь орчны үзэмжид сөргөөр нөлөөлж байгааг ярьсан юм. Тэрбээр үүнийг Сүхбаатарын талбайн орчин “эрээн хот шиг болсон” гэх шүүмжлэлтэй зүйрлэн тайлбарлаж байлаа. Харин өөр нэгэн иргэн хоолны цэгүүдээс тархах хиншүү, хярвасны үнэрийг онцолж, цэцэрлэгт хүрээлэнгийн орчинд ийм төрлийн үйлчилгээ олшрох нь зохимжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Түүнчлэн анх барихдаа иргэдэд зориулсан орон зай болгоно гэсэн атлаа яг хүрээлэнгийнхээ дунд том асар авчраад барьчихсаныг гайхаж байгааг хэллээ. Оройн цагаар олон хүмүүс цуглаж, согтууран хүүхэд тоглох боломжгүй болдог тухай ч ярьж байв. Мөн уг цэцэрлэгт хүрээлэн яг ногоон байгууламж гэхээсээ илүү хүмүүсийн алхах талбай, суух сандал л илүү олон байгааг мөн дурдаад амжсан юм.

