Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өнөөдөр /2026.08.13/ шатахууны нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Өчигдөр ОХУ-аас Улаанбаатар хотод нийт 46 вагон буюу 2700 гаруй тонн АИ-92 автобензин иржээ. Үүнээс эхний 23 вагоныг буулгаж, Улаанбаатарын 75 ШТС-д 756 тонн, орон нутгийн 49 ШТС-д 441 тонн шатахуун хүргүүлсэн байна. Одоогоор ОХУ-аас Монгол Улс руу 152 вагон буюу 9120 тонн АИ-92 автобензин тээвэрлэгдэж байгаа аж.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлэхдээ, өнгөрсөн хоёр хоногт түгээлт бага байсан ч энэ ням гарагт нийслэлийн шатахууны хэрэгцээг хангах хэмжээний түгээлт хийж, ирэх даваа гарагаас улсын хэмжээнд түгээлтийг хэвийн болгоно гэв. Мөн орон нутгийн түгээлтийг өнөөдөр, маргааш нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран нийлүүлэлтийг хэвийн болгох төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Түүнчлэн БНХАУ-аас ачсан 2000 тонн онгоцны түлш маргааш Замын-Үүд өртөөнд ирж, түгээлт хийхэд бэлэн болохыг мэдээллээ.

Шатахуун тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад Улаанбаатар төмөр зам, татварын болон тээврийн цагдаагийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж. Татварын ерөнхий газраас шатахуун импортлогч, аж ахуйн нэгжүүд татварын өртэй байсан ч дансыг нь хаахгүй байх зохицуулалт хийж байгаа бол Тээврийн цагдаагийн алба ШТС-уудын үүссэн оочирт зохицуулалт хийж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх арга хэмжээ авч байна.