Сайд асан, төрийн албан хаагч "Б" сурронд мөргүүлж амиа алдсан хэрэгт 19 настай залууг холбогдуулан шалгаж байна

Сайд асан, төрийн албан хаагч "Б" сурронд мөргүүлж амиа алдсан хэрэгт 19 настай залууг холбогдуулан шалгаж байна

2026 оны наймдугаар сарын 6-ны орой харамсалтай осол гарсан. Тодруулбал, Монгол Улсын сайд асан, төрийн албан хаагч З.Б Монгол Улсад зохион байгуулагдаж буй COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах ажлаа тараад харих замдаа сурронд мөргүүлж, амь насаа алдсаныг түүний ойрын хүмүүс мэдээлсэн билээ. 

Энэ бол нэг хүний амь нас хохирсон харамсалтай осол. Гэхдээ хүний амь яагаад хохирсон, хаана болсон, явган хүний гарц дээр болсон эсэх, тухайн үед суррон ямар хурдтай явсан, замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм зөрчсөн эсэх, цаашлаад хэн буруутайг цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа тогтооно. Харин энэ осол бидэнд нэг зүйлийг дахин санууллаа.

- ХУУЛИЙН ОРЧИН БҮРДСЭН Ч ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРЧИН БҮРДСЭНГҮЙ - 

Хоёр дугуйт тээврийн хэрэгслийн асуудал өнөөдөр гэнэт гараад ирсэн юм биш. Скүүтер, мопед, сурроны хэрэглээ Монгол Улсад эрчимтэй нэмэгдэж эхлэхтэй зэрэгцэн энэ хэрэглээг дагасан эрсдэлийн талаар цагдаагийн байгууллага анхааруулж байсан. Эмч нар ч хэлж байлаа. Осол гэмтэлтэй газар дээр нь ажилладаг, бодит үр дагаврыг нь хамгийн түрүүнд хардаг мэргэжилтнүүд ч мөн сануулсаар байсан. “Энэ асуудлыг зохицуулах шаардлагатай байна” гэж тэд осол гарах бүрт хэлсээр ирсэн. Ингээд хууль гарсан. Хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл хуулийг газар дээр нь хэрэгжүүлэх ачааг хэн үүрч байна вэ. Дахиад л цагдаа. Ослын үр дагаврыг эмчилж байгаа нь эмч. Газар дээр нь зохицуулалт хийх гэж байгаа нь мэргэжилтнүүд. Өөрөөр хэлбэл, урьдчилж анхааруулж байсан хүмүүс өнөөдөр анхааруулсан асуудлынхаа бодит үр дагавартай өөрсдөө нүүр тулж байна.

Улмаар энэ асуудал Төрийн ордонд хүрч, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр мопед, скүүтерийг явган хүний замаар зорчуулахгүй байх, явган хүний гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээсээ бууж түрж гарах, насны тодорхой шаардлага тавих, сургалт, бүртгэл, даатгалын асуудлыг шийдэх зэрэг зохицуулалт бий болсон. Мэдээж, эдгээр нь бүгд хэрэгтэй зохицуулалт. Гэхдээ... хууль гаргахын өмнө бас нэг асуултыг тавих ёстой байлаа. Бидэнд энэ хуулийг хэрэгжүүлэх дэд бүтэц бий юу. Хэрэгжилтийг хангахад хангалттай хугацаа өгөгдсөн үү.

- "ХААСАН" БОЛ ЯАГААД, "НЭЭСЭН" БОЛ ЯМАР НӨХЦӨЛ БҮРДСЭН ГЭЖ - 

Энэ асуудлаар нийслэлийн түвшинд ч бэлтгэл хангалтгүй байгааг ярьж байсан. НИТХ-ын даргын зүгээс мопедыг бүртгэлжүүлэх, дугааржуулах, жолоочийг сургалтад хамруулах, даатгалын асуудлыг шийдэх, явган хүний замаар зорчихоос сэргийлж авто замын баруун хөвөөг чөлөөлөх, тэмдэглэгээг сэргээх зэрэг ажлыг хийх шаардлагатайг хөндөж байсан. Бэлтгэл ажил хангагдаагүй учраас түрээсийн мопед, скүүтерийн үйлчилгээг түр хугацаанд зогсоох шийдвэр ч гарсан. Өөрөөр хэлбэл, “эхлээд аюулгүй байдлын нөхцөлөө бүрдүүлээд, дараа нь үйлчилгээгээ явуулъя” гэсэн логик байсан. Гэтэл удалгүй хотын удирдлагын зүгээс үйлчилгээг эргэн нээсэн. Энд л хамгийн том асуулт гарч ирж байна. Хэрэв түр зогсоох хэмжээнд хүрсэн эрсдэл байсан юм бол ямар нөхцөл бүрдэж байж дахин нээсэн бэ, мопед бүр дугаартай болсон уу, жолооч нар сургалтад хамрагдсан уу, даатгал шийдэгдсэн үү, замын хөвөө чөлөөлөгдсөн үү, дэд бүтэц бий болсон уу.  Хэрэв эдгээр өөрчлөлт хийгдээгүй бол хүний амь нас, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг түр хааж, дараа нь нээдэг захиргааны шийдвэрийн түвшинд авч үзэж болох уу.

Энд хотын удирдлагын шийдвэрийг шүүмжлэхээс өөр аргагүй. Хүний амь насны эрсдэлтэй асуудал дээр “хаах уу, нээх үү” гэдэг нь улс төрийн оноо авах, олон нийтийн таашаалд нийцүүлэх шийдвэр байж болохгүй. Хэрэв хаах шаардлагатай байсан бол яагаад хааснаа, нээх болсон бол ямар нөхцөл бүрдсэнийг баримтаар тайлбарлах ёстой. Хүний амь нас бол популизмын сэдэв биш. 

- 19 НАСТАЙ БОЛ АЮУЛГҮЙ ЖОЛООДНО ГЭСЭН ҮГ БИШ - 

Энэ осолтой холбоотойгоор суррон жолоодож явсан этгээд 19 настай залуу байсан гэх мэдээлэл гарсан. 19 нас бол хуулийн хувьд насанд хүрсэн нас. Гэхдээ 19 настай гэдэг бол амьдралын туршлага, эрсдэлийг мэдрэх чадвар, замын хөдөлгөөнд шийдвэр гаргах дадал бүрэн төлөвшсөн гэсэн үг биш. Ердөө 19-хөн нас. Үүнийг тухайн залууг ослын хариуцлагаас чөлөөлөх гэж хэлж байгаа юм биш. Ослын бурууг хэн хүлээхийг хууль, мөрдөн шалгах ажиллагаа тогтооно. Харин бид 19 нас бол төлөвшил, хариуцлага, эрсдэлийг үнэлэх чадварын хувьд анхаарах ёстой нас мөн үү гэдэг асуудлыг бодох ёстой. Насанд хүрсэн байх, моторт тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодох чадвартай байх хоёр өөр ойлголт. Энэ л асуулт үлдэж байна. Хууль гарсан. Одоо хуулиа хэрэгжүүлдэг орчин, хариуцлагатай төр, аюулгүй хот хэрэгтэй байна.