Монголын мотокроссын спортод “Аав нь ажил хийдэггүй юм шиг, хүү нь сургууль сурдаггүй юм шиг” сэтгэл зүрхээ зориулан хичээллэдэг, нэг нь дэмжиж, нөгөө нь уралддаг аав, хүү хоёрыг энэ спортоор хичээллэдэг тамирчид бол андахгүй сайн мэдэх болсон. Мотокроссын спортын шагналт “Newgen” багийн 14 настай тамирчин Э.Тамир болон түүний аав, “Newgen” багийн үүсгэн байгуулагч Н.Энхбат нарыг бид энэ удаагийн Social ID буландаа урилаа.
ВИДЕО:
- Сайн байцгаана уу. Юуны өмнө манай үзэгчдэд өөрсдийгөө танилцуулна уу.
Э.Тамир: Сайн байцгаана уу. Намайг Тамир гэдэг. Нийслэлийн 23-р сургуулийн 9Д ангид суралцдаг. Мотоспортоор тав дахь жилдээ хичээллэж байна.
Н.Энхбат: Сайн байцгаана уу. Намайг Н.Энхбат гэдэг. Мотокроссын спортоор хичээллэж байгаа Э.Тамир, Э.Түшиг хоёр хүүгийн аав нь байна. Манайх дөрвөн хүүхэдтэй, хоёр хүү, хоёр охин маань бүгд спортоор хичээллэж байгаа.

- "БИ ДӨРӨВ ДЭХ ҮЕИЙН ТАМИРЧИН" -
- Тамир аа, яагаад энэ спортыг сонгох болсон бэ?
Э.Тамир: Энэ спорт бол манай удмын, үе дамжсан спорт. Манай аавын өвөө, өвөө маань, аав маань энэ спортоор хичээллэдэг. Би дөрөв дэх үеийн тамирчин.
Н.Энхбат: Манай өвөө, аав мотоциклийн спортоор хичээллэдэг байсан. Үүнээс улбаалаад нийт 15 хүн манай удмаас энэ спортоор хичээллэж байна. Хүмүүс мотоциклийн спортыг их эрсдэлтэй гэж хардаг л даа. Харин би бол эрсдэл гэхээс нь илүү мотоцикл дээр гарах үед адреналин их ялгарч, амьдралыг үзэх үзэл нь эерэг болдог юм байна гэж хардаг. Юмыг даван туулах чадвар их сууж өгдөг. Энэ спортоор хичээллэж байгаа залуучуудын хандлага нь их зөв болдог юм байна гэж анзаараад байгаа. Бэртэж гэмтчихээд хэзээ ч спортоо орхиж байгаа, “Энэ спорт муухай шүү” гэж хэлж байгаа хүнийг би харж байгаагүй.

- "ГУРВАН НАСТАЙДАА ДУГУЙ УНАЖ СУРААД, ДӨРВӨН НАСТАЙДАА МОТОЦИКЛ УНАЖ СУРСАН" -
- Хамгийн анх хэдэн наснаасаа мотоцикл унаж эхэлсэн бэ?
Э.Тамир: Би гурван настайдаа дугуй унаж сураад, дөрвөн настайдаа анх мотоцикл унаж байсан. Жоохон байхдаа би өөрийгөө хурдан явж байгаа л гэж боддог байсан чинь одоо эргээд бичлэгнүүдээ үзэхээр удаан явдаг байсан байна лээ.
- Энхбат аа, та өөрөө удам дамжсан спортын хүн байна шүү дээ. Өөрийнхөө спортоор хичээллэж эхэлсэн түүхээсээ яривал?
Н.Энхбат: Манай аав мотоциклийн спортын мастер Б.Нармандах гэж хүн байдаг. Би өөрөө багадаа мотоцикл унах мөрөөдөлтэй байсан юм. Гэсэн ч тэр үед айл бүрийн амьдрал тийм ч сайн байгаагүй. Тэр үед би ааваасаа “Мотоциклийн тамирчин болъё” гэхэд “Манайх тийм боломж байхгүй ээ, миний хүү өөр спортоор хичээллэчих” гэж байсан. Тухайн үедээ надад маш хэцүү байсан л даа. Тэгээд би хамгийн бага мөнгө шаарддаг чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн юм. Чөлөөт бөхөөр хичээллэж байгаад 10 жилийн сургуулиа төгсөөд тулааны спорт руу ороод, Дэлхийн цомын аваргаас Монгол Улсад анх удаа хүрэл медаль авчирч байлаа. Одоо ч бас энэ рекорд хэвээрээ байгаа. Тэгээд л би аав болоод хүүхдүүдтэй болвол хүү ч бай, охин ч бай дуртай спортоор нь хичээллүүлээд, хүссэн спортод нь заавал бүхнээ зориулна гэж боддог. Түүнийгээ ч хэрэгжүүлж байгаа.

- "МАНАЙ ААВ БОЛ МИНИЙ БҮХ ЗҮЙЛИЙН СПОНСОР" -
- Тамир аа, аав чинь чамайг мотоспортоор хичээллэхэд маш их дэмждэг. Яаж дэмждэг вэ?
Э.Тамир: Манай аав бол миний бүх зүйлийн спонсор л гэсэн үг. Мотоцикл эвдэрсэн үед жишээ нь хамгийн түрүүнд аавдаа л хэлнэ. Тэр ч байтугай мотоциклоос гадна аав хүний бүхий л үүргийг хамгийн сайн биелүүлдэг. Хорвоогийн хамгийн сайн аав.
- Мотоциклийн спорт бас нэлээдгүй санхүү шаарддаг байх?
Н.Энхбат: Шаардана л даа. Гэхдээ хүний санаа зөв байвал хүмүүсийн бодож байгаа шиг боломжгүй спорт биш. Манай улсад ч сүүлийн жилүүдэд сайн хөгжиж, энэ спортыг дэмжихээр ороод ирсэн компани, брэндүүд их байгаа. Тиймээс хүн өөрөө хичээгээд, аав ээж нь дэмжээд явбал мэргэжлийн тамирчин болох боломж байгаа.
- "АНХЫ ТЭМЦЭЭНДЭЭ ЕСӨН НАСТАЙДАА ОРЖ БАЙСАН" -
- Хамгийн анхны тэмцээнийхээ дурсамжийг яривал?
Э.Тамир: Анхны тэмцээндээ би 2022 оны тавдугаар сарын 6-нд орж байсан. Тэр үед есөн настай байхдаа Монгол Улсын аваргын эхний гараанд уралдсан. Энэ тэмцээндээ хоёр гарааныхаа нийлбэр дүнгээр хоёрдугаар байранд орж байсан. Том амжилт маань гэвэл 2023 онд Монгол Улсын аварга болж байсан. Дараа нь өнгөрсөн жил Шанхайн MHP тэмцээнд 250cc ангилалд ороод тавдугаар байранд орж байсан минь хамгийн том амжилт. Өнгөрсөн жил 250cc ангилалд туршилтаар орж үзэж байсан. Энэ жил үндсэн ангилал болоод одоо уралдаад явж байна.

- "ХҮҮ МААНЬ МИНИЙ БЯЦХАН ХҮҮ ХЭВЭЭРЭЭ" -
- Мотокроссын тамирчин Э.Тамир гэдэг хүүхдийг би үзэгчийн нүдээр хараад “Сайн байна” гээд л өнгөрч байгаа. Харин аавынх нь хувьд хүүгээ ямар хэмжээний тамирчин гэж харж байна та?
Н.Энхбат: Би бол хүүгээ бяцхан хүү гэж бодож явдаг байсан юм. Бид хоёр сүүлийн дөрөв, таван жил бүр илүү ойр дотно байгаа. Гадаад руу тэмцээнд явахдаа хүүгээ өвөртлөөд л унтдаг. Сая дэлхийн аваргад явахдаа баруун хөлийнхөө шилбэний хоёр ясыг хугалаад ирсэн л дээ. ДАШТ бол маш том медиа баг, эмнэлгийн багийн бүрэлдэхүүнтэй ажилладаг, том зах зээлтэй спорт л доо. Тэнд Монгол гэдэг хөгжингүй улсын тамирчид очиход хүмүүс их гайхаж байсан. Тэр тусмаа 13 настай хүүхэд 125cc буюу дээд ангилалд уралдах гэж байна гэж гайхаж байсан. Тамираа Германд болсон тэмцээнд 250cc ангилалд гуравдугаар байранд явж байгаад хоёрт явж байсан. Тэгээд 450cc гээд бүр том мотоцикл унасан мэргэжлийн тамирчинтай ойрхон явж байгаад, шахаж явж байгаад бас унаад тамирчид, дасгалжуулагчдын нүдэнд анх өртөж байсан. Тэгээд ДАШТ-ий бэлтгэл хийж байгаад гуравдугаар тойрог дээрээ унаад надад харагдахгүй далд газар уначихсан, шүүгч нь аваарын туг өргөчихсөн байсан. Би тэр үед дотроо “Тамираа гараад ирэх байх” гэж хүлээгээд байсан. 10, 20 секунд болсон ч гарч ирэхгүй, хойно байсан хүүхдүүд нь гарч ирээд л байсан. Гүйгээд очсон чинь мотоцикл нь будаа болчихсон, хүү маань газар ухаангүй хэвтэж байсан.
“Яаж байна, миний хүү?” гэсэн чинь “Зүгээр ээ, аав. Хөл хугарчихжээ” гэсэн. Тэр бол аймаар. Тэгээд л хоёр хоногийн дараа хоёулаа дараагийн тэмцээнээ яриад л эхэлсэн. Бид хоёр Монголд ирээд эмчилгээ хийлгэж байгаад хугарсан яс руугаа тариа хийлгэхэд Тамир “Аав аа, яг яс хугарч байгаа юм шиг өвдөж байна” гээд л шүдээ зуугаад, дотроо орилоод байгаа юм. Тэр үед л “Би 13 настай хүүдээ ямар их өвдөлт мэдрүүлж байна даа” гэж бодоод “Миний хүү болих юм уу?” гэж асуусан л даа. Харин “Үгүй ээ, би заавал дэлхийн аварга болно” гэсэн хариу сонссон.

- "ЭНЭ СПОРТ ХҮНИЙГ ДОНТУУЛЧИХДАГ ЮМ" -
- Тамир аа, мотокросс бол маш их тэсвэр тэвчээр, эр зориг шаардсан ширүүн спорт. Өөрийн чинь хувьд бэртэл авчихсан байгаа хэрнээ үргэлжлүүлсээр л байна. Энэ спортод хүнийг татах ямар нэг онцгой юм байна гэж харж байна л даа.
Э.Тамир: Энэ спорт хүнийг донтуулчихдаг юм. Уралдаад, харайгаад, түрүүлээд явахад хэдий бэртсэн хэдий ч долоо хоногийн дараа гэхэд л хурдан мотоцикл дээрээ гарах юмсан, хурдан уралдах юмсан гээд цаанаасаа л татаад байдаг юм. Сая бэртсэн үедээ мотоцикл дээрээ гарч чадахгүй. Хичээл ч амарчихсан учраас цаг нөхцөөж яахав гээд ах нартаа туслаад, гаражид нь машиныг нь засалцаж өгсөн. Бэртэлтэй үедээ олон бэлтгэл, тэмцээн алгасч байгаа. Хэвтэж байхдаа өмнөх тэмцээнийхээ бичлэгүүдийг үзээд л, бас хүмүүсийн тэмцээнд орсон зургийг хараад хурдан мотоцикл дээрээ гарах юмсан гэж их бодсон.
- Бэртэлтэй байгаа хэдий ч сая тэмцээнд яваад бүр хоёрдугаар байранд ороод ирсэн шүү дээ. Энэ тэмцээний талаар хуваалцвал?
Э.Тамир: Би сая Mongol Grand Prix – MX League-ийн улсын аваргын дөрөвдүгээр гараанд, 250cc ангилалд хоёрдугаар байранд орсон. Сая 10 орчим хүн уралдсан байх. 16-22 насны залуучууд оролцдог юм. Энд би хамгийн жоохон нь байсан.
- Тамир өөрийнхөө ангилал буюу 12-16 насны ангилалдаа яагаад уралддаггүй юм бэ? Магадгүй энэ ангилалдаа уралдвал асуудалгүй шууд түрүүлэх байх гэж би бодож байна.
Э.Тамир: Түрүүлнэ л дээ. Гэхдээ би өөрийнхөө ангилалд уралдаж түрүүлэхээс илүү дүү нартаа боломж олгож байгаа. Тэгээд бас томчуудын ангилалд орж ах нартайгаа уралдаж, илүү хурдан сайжраад дэлхий рүү гарахын тулд ингэж ангилал ахиж уралдаж байгаа6
- Хүүгээ ингэж бэртэл гэмтэлтэй байсан ч уралдаад, томчуудын ангилалд хүч үзээд явахыг харах ямар байдаг вэ?
Н.Энхбат: “Азарганыхаа хүрээгүй газар унага нь хүрдэг”, “Аавынхаа гаргаагүй амжилтыг хүү нь гаргадаг” гэдэг үгийг би хэлэх их дуртай юм. Аав нь багадаа нийгмийн боломж бололцооны шалтгаанаар дуртай спортоороо хичээллэж чадаагүй. Харин одоо хүү нь тэрийг хэд дахин нугалж гаргасан мундаг тамирчин болж байгаа.

- “Newgen” багийнхаа талаар яривал?
Н.Энхбат: Илүү мэргэжлийн түвшинд очихын тулд “Newgen” багийг байгуулсан. Манай нэр бол нийгэмд шинэ үе, шинэ залуучуудыг гаргаж ирье гэдэг утгатай. Одоо чөлөөт бөх, холимог тулаан, бокс, мотокросс гэсэн экстрим спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт долоон дасгалжуулагчтай. Манай багийн гол зорилго бол өөрөө хүсэл мөрөөдөлтэй хэдий ч боломжгүй хүүхдүүд байдаг шүү дээ. Тэр хүүхдүүдэд илүү хүрч ажиллаад, тэднээс ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг гаргаж ирэх зорилготой ажиллаад явж байна.
- "МИНИЙ МӨРӨӨДӨЛ БОЛ УЛСЫНХАА НЭРИЙГ ДЭЛХИЙД ГАРГАХ" -
- Чиний мөрөөдөл юу вэ?
Э.Тамир: Миний мөрөөдөл бол улсынхаа нэрийг дэлхий дахинд гаргах. Дэлхийн аваргын спонсор, мундаг тамирчидтай нэг багаас уралдахыг маш их хүсдэг ээ. Суперкросс гээд бартаат замын уралдаан байдаг. Мотокросстой адилхан төрөл, гэхдээ илүү эргэлт, харайлт ихтэй байдаг бол мотокросс бол шулуун замын хурд их шаарддаг төрөл юм.
- Аливаа спортод шантрах үе зөндөө байдаг шүү дээ. Чамд тийм үе гардаг уу?
Э.Тамир: Тамирчин бүр л ийм зүйлтэй тулгардаг байх. Надад ч бас зөндөө байгаа. Харин тэр болгоны дараа эргэн ирэлт гэдэг маш чухал. Нэг тэмцээнд бүтэлгүйтлээ ч дахиад л тэмцээн байгаа шүү дээ.

- Уралдаад явж байхад мотоцикл нь эвдэрвэл яах вэ. Өөрөө арга хэмжээ авч, засаж сэлбэж чадах уу?
Э.Тамир: Ойр зуурын эвдэрсэн зүйлийг гайгүй засчихдаг. Гэхдээ том эвдрэлийг засварчин ах нар луугаа авч очоод засуулдаг юм. Авга ах маань сайн засварчин байдаг юм.
- Ярилцлагынхаа төгсгөлд аавдаа зориулж хэлэх үг байна уу?
Э.Тамир: Муу уралдсан ч, сайн уралдсан ч үргэлж хамт байж, тусалж дэмждэг аавдаа маш их баярлалаа. Хайртай шүү.
Н.Энхбат: Хүүдээ маш их хайртай. Миний хүү заавал дэлхийн аварга болно гэж би итгэдэг.
