Монгол Улсын Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын даргаар доктор, профессор Х.Тамирыг томиллоо.
Х.Тамир нь өмнө нь тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд 2026 оны тавдугаар сарын 1-нээс Боловсролын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. Тэрбээр 1997 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Урлал, техникийн багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бол 1999 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд инженерийн зураг зүйн чиглэлээр магистр, 2008 онд боловсрол судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна. Мөн 2012 онд ШУТИС-ийн дэд профессор, 2025 онд профессор цол хүртжээ. Ажлын туршлагын хувьд Х.Тамир 1999 оноос ШУТИС-д дадлагажигч багш, багш, дэд профессор, профессорын багийн тэргүүлэх профессороор ажилласан байна. Түүнчлэн 2014-2022 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, 2022-2024 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын газрын даргаар ажиллажээ.