Улаанбаатар хотод наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Хичээлийн шинэ жил, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлаас үүдэх замын ачааллыг бууруулах нь энэ шийдвэрийн үндэслэл.
Түгжрэлийг бууруулахын тулд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдлийг сүүлийн жилүүдэд нийслэл ашиглаж ирсэн. Гэвч энэ удаа үүн дээр шатахууны худалдааг ч мөн тэгш, сондгой дугаартай холбосон шийдвэр нэмэгдэв. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өчигдөр мэдээлэхдээ, наймдугаар сарын 15-ныг хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгой төгсгөлөөр нь ангилан шатахуун олгох, нэг удаад нэг автомашинд 50 хүртэлх мянган төгрөгийн шатахуун олгох, саванд шатахуун хийхгүй байх шийдвэр гаргаснаа танилцуулсан.
Ингээд л олон нийтийн сүлжээнд шинэ “тэгш, сондгой” "онигоо" эхэллээ. Тухайлбал,
- “Далдага Даймка гэж мэдэх үү. Манай үеийнхэн бол мэднэ ээ. Тооны тухайд ёстой л тэгш, сондгойгоос цаашгүй байх. Тэгш, сондгой чинь нэгдүгээр ангийн хичээл. Долоон сарын дундаж хэрэглээ бусад сарын дунджаас өндөр үед долоон сарыг оруулаад гурван сарын дундаж хэрэглээг бод гэсэн гуравдугаар ангийн бодлого өгөхөд л гацна. Угаасаа гацчихлаа”
- “Одоо эр эмээрээ ээлжилж ажилдаа явъя аа, гоё шд”
- “Одоо шатахуунаа тэгш, сондгойгоор авна. Маргааш эрчим хүчээ ингэж хэрэглэх үү. Мөдхөн хоол идэхдээ ч тэгш, сондгой, эр эмээрээ хязгаарлагдах уу”
- “Тэгш, сондгой тоонд төрсөн өдрөөр нь ард иргэдээ ангилах нь ээ, цаана чинь” зэргээр ёжилсон байна.
Эдгээр нь зүгээр нэг наргиа биш. Иргэдийн бухимдлын илэрхийлэл. Учир нь шатахуун тасалдаж, иргэд шатахуун түгээх станцын гадна өдөр, шөнөгүй дугаарлаж, зарим нь хонож өнжиж байгаа нөхцөлд төрөөс гаргаж буй бодитой шийдэл нь дахиад л “ээлжил”, “хязгаарла”, “боо” гэсэн хувилбар болж байна. Мэдээж шатахууны хомсдол үүссэн шалтгаан нь дан ганц Засгийн газрын буруу гэж хэлэхэд өрөөсгөл. Геополитикийн нөхцөл байдал, нийлүүлэлтийн эрсдэл зэрэг гадаад хүчин зүйл бий. Гэхдээ эрэлт нэмэгддэг үе болох Үндэсний их баяр наадмын олон хоногийн амралт, зуны аялал зугаалга, хичээлийн шинэ жилийн бэлтгэл зэрэг дотоодын хэрэглээний өсөлтийг урьдчилан тооцож, нөөц бүрдүүлэх нь төрийн бодлогын асуудал мөн.
Өнөөдөр шатахуун дээр тэгш, сондгой. Замын хөдөлгөөн дээр бас тэгш, сондгой. Маргааш өөр ямар нэгэн хомсдол үүсвэл дахиад л иргэдийг ээлжлүүлж, хязгаарлаж, хэрэглээг нь танах шийдэл гаргах уу. Төрийн бодлого гэдэг нь иргэдэд “яаж хязгаарлах вэ” гэдгийг бодохоос илүүтэй “яаж хэвийн амьдруулах вэ” гэдэгт чиглэх ёстой.
Хувийн эрх, сонголтыг дээдэлдэг либерал нийгэм рүү явж байна гэж ярьдаг ч бодит амьдрал дээр иргэддээ хаана явж болох, хэзээ явж болох, хэзээ шатахуун авах, хэр хэмжээний шатахуун авахыг хүртэл зааж өгдөг тогтолцоо руу алхам алхмаар ойртож байгаа нь парадокс. Тэгш, сондгой гэдэг бол замын хөдөлгөөний зохицуулалтын түр арга хэмжээ байж болно. Гэхдээ тэгш, сондгой нь төрийн бодлогын үндсэн арга хэрэгсэл болж хувирч болохгүй.