Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага болон Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (IDAS)-ээс 2026 оны аймаг, дүүргийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний лабораторийн хариуг ирүүлжээ.
Шинжилгээний дүнгээр дараах зургаан үндэсний бөхийн сорьцод хориотой бодис илэрсэн байна. Үүнд:
- Баянмөнхийн Батжаргал – Говьсүмбэр аймгийн баяр наадам
- Санжсүрэнгийн Амарсанаа – Налайх дүүргийн баяр наадам
- Төрмөнхийн Төгсдөлгөөн – Өмнөговь аймгийн баяр наадам
- Мягмарын Тэгшбаяр – Төв аймгийн баяр наадам
- Мөнхбаярын Өсөхбаяр – Төв аймгийн баяр наадам
- Мөнхбаярын Даваадэмбэрэл – Төв аймгийн баяр наадам
Дээрх тохиолдлуудад Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэм, Дэлхийн допингийн эсрэг код болон холбогдох олон улсын стандартын дагуу үр дүнгийн удирдлагын ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.8-д заасны дагуу тамирчдад лабораторийн сөрөг аналитик илэрцийн талаар албан ёсоор мэдэгдэж, албан журмын түр түдгэлзүүлэлт ногдуулжээ.
Тамирчид лабораторийн шинжилгээний дүнтэй танилцсаны дараа дүрэмд заасны дагуу В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй. Хэрэв В сорьцын шинжилгээгээр А сорьцын шинжилгээний үр дүн баталгаажих, эсхүл тамирчин В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй тохиолдолд үр дүнгийн удирдлагын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. Түүнчлэн тамирчид шинжилгээтэй холбоотой бүх зардлыг өөрсдөө хариуцан, сорьцод ДНХ-ийн шинжилгээ хийлгэж, тухайн сорьц өөрсдөөс нь авсан биологийн дээж мөн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргах боломжтой аж.