Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.11/ болж, Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа төсвийн орлого, санхүүжилтийн эх үүсвэрийг бодит нөхцөл байдалд нийцүүлэх, дүүргүүдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний өсөлтийг жигдрүүлэх, төсвийн сахилга батыг хангах, үүссэн өр төлбөрийг барагдуулах, өвөлжилтийн бэлтгэл болон шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зарчмыг баримталсан талаар танилцууллаа.

Хуралдааны үеэр төлөөлөгчид төсвийн тодотголд тусгасан төсөл, арга хэмжээний эрэмбэ, хэрэгжилт, санхүүжилтийн асуудлаар санал хэлж, тодруулга авлаа. Тухайлбал, өмнөх онд эхлүүлсэн боловч дуусаагүй, гүйцэтгэл нь хийгдсэн ч санхүүжилт нь шийдэгдээгүй ажлуудыг нэн тэргүүнд анхаарах, төсвийн эх үүсвэрийг бодит хэрэгцээнд нийцүүлэн хуваарилах шаардлагыг хөндсөн юм.

Мөн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ажилчдын цалингийн нэмэгдэл, байгууллагын өр төлбөр, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг шийдвэрлэх, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулах асуудлыг төсвийн тодотголд анхаарч тусгах санал гаргалаа. 

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн зардлын зөрүү, хороодын дээвэр, фасадны засвар, цэцэрлэгүүдийн аяга таваг ариутгах тоног төхөөрөмжийн хангамж болон “Сүү” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Ийнхүү хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг өргөн барьсан томьёоллоор нь дэмжиж, НИТХ-ын ээлжит IX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.