АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны хангамж, үнийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр арваннэгдүгээр сард шатахууны хангамж харьцангуй сайжирч, үнийг бууруулах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Тодруулбал, Сангийн яамтай хамтран ажиллаж, ирэх долоо хоног гэхэд шатахууны үнийг тогтворжуулж, бууруулахаар ажиллаж байгаа аж.
Мөн Монгол Улсын шатахууны хэрэглээ, импортын хэмжээг танилцуулсан юм. Тухайлбал, долоодугаар сард улсын хэрэглээ 100 мянган тонн байдаг бол энэ хугацаанд 47 мянган тонн шатахуун импортолжээ. Харин наймдугаар сард 64 мянган тонн, есдүгээр сард 67 мянган тонныг тус тус авсан байна. Энэ сард 90 мянган тонн шатахуун импортлохоор төлөвлөж байгаа бөгөөд ОХУ Монголын хүссэн хэмжээгээр нийлүүлж чадахгүй байгаа ч боломжийнхоо хэрээр нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгаа гэв.