Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.07.21/ Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд бараалхаж, хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Учрал Тажикистаны Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлоход чухал ач холбогдолтойг онцлов.

Тэрбээр Монголын Засгийн газар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн холболтыг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурсан нь худалдаа, эдийн засаг, зам, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэр, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлж, шинэ боломжуудыг нээж буйг Ерөнхий сайд онцолжээ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан, мэргэжлийн болон техникийн боловсрол, аялал жуулчлал, залуучууд, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг талууд хэлэлцсэн байна.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Монгол Улсад гадаадын банк, санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэнийг дурдаж, хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн талаар танилцуулжээ.

Харин Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан тохиролцоо, хамтын ажиллагааны баримт бичгүүд нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах гэж буйг өндрөөр үнэлж байгаагаа хэлж, Тажикистан улс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын чиглэлээр хуримтлуулсан туршлагаа Монголтой хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Талууд уулзалтын төгсгөлд Монгол, Тажикистаны уламжлалт найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, айлчлалын хүрээнд болсон “Монгол-Тажикистаны бизнесийн дугуй ширээний уулзалт”-ын үр дүнг өндрөөр үнэлсэн байна.