Монголын Ширээний теннисний холбооны хүсэлтийн дагуу Олон улсын ширээний теннисний холбоо (ITTF)-ноос Дэлхийн ширээний теннисний холбооны (WTT) залуучууд, өсвөр үеийн ангиллын дэлхийн чансааны оноо олгох олон улсын хоёр тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулж байна.
Тус тэмцээнд ширээний теннисний спортоор дэлхийд тэргүүлэгч БНХАУ, Япон, Сингапур, БНСУ, ХБНГУ, Тайвань, Энэтхэг, Австрали, Нидерланд зэрэг 30 гаруй орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчдөөс бүрдсэн 700 гаруй зочин оролцож байна. Монголын ширээний теннисний түүхэнд анх удаа WTT Youth Contender ангиллын олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулж буйгаараа онцлог юм. Тэмцээний үеэр Монголын өсвөрийн тамирчид дэлхийн шилдэг тамирчидтай хүч сорин өрсөлдөж, амжилт үзүүлжээ. Тодруулбал, 15 хүртэлх насны холимог хосын төрөлд (U15 Mixed Doubles) Э.Бат-Аригун, Э.Аялгуу нар, 13 хүртэлх насны хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд (U13 Boys’ Singles) Э.Бат-Аригун, 11 хүртэлх насны хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд (U11 Boys’ Singles) Э.Ганням, Э.Гантулга нар, 11 хүртэлх насны охидын ганцаарчилсан төрөлд (U11 Girls’ Singles) Т.Болор-Эрдэнэ нар тус тус хагас шигшээд шалгарч, шилдэг дөрөвт багтсан байна.

Тэмцээнд оролцогчид Дэлхийн ширээний теннисний холбооны дэлхийн чансааны оноо цуглуулахаас гадна ирээдүйн олимпын эрхийн төлөөх өрсөлдөөнд чухал ач холбогдолтой оноо авах боломжтой юм. Залуучуудын тэмцээн энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.