Н.Номтойбаяр: Ирэх жилийн Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт зохион байгуулна

Н.Номтойбаяр: Ирэх жилийн Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт зохион байгуулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын ажлыг танилцуулж, Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Энэ жил  Дэлхийн адууны өдөр болон Үндэсний их баяр наадмын тэгш ойг зохион байгуулахад нийт 9.3 тэрбум төгрөг зарцуулж, хоёр орчим тэрбум төгрөгийн орлого олсон. Баяр наадмын үеэр хамгийн их шүүмжлэл дагуулдаг зүйл нь дэд бүтэц байдаг. Тиймээс Засгийн газар ирэх жилийн баяр наадмыг угтан Хүй долоон худагт шинэ цогцолбор байгуулж, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэх шийдвэрийг гаргалаа. Үндэсний их баяр наадмын шинэ цогцолборыг байгуулах ажлыг эрчимжүүлж, ирэх жилийн долдугаар сарын 1 гэхэд үндсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах зорилт тавин Баяр наадмыг зохион байгуулах комисс, нийслэлийн удирдлагууд хамтран ажиллаж байна" гэв.

Түүнчлэн эрийн гурван наадмын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг өглөө. Допингийн шинжилгээний талаар тэрбээр "Энэ жилийн онцлог нь өндөр цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээг урьдчилан авч эхэлсэн. Ингэснээр тодорхой үр дүнд хүрсэн. Мөн даваа бүрд цолтой бөх төрсөн бөгөөд тэдгээр бөхчүүдээс допинг илрээгүй. Харин аймгийн цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байх магадлалтай гэсэн урьдчилсан мэдээлэл имэйлээр ирсэн" гэсэн юм.

Хурдан морины сэрвээний хэмжилтийн талаар "Энэ жил дулаан мэдрэгч, хиймэл оюун ухаанд суурилсан технологийг ашигласан. Гэвч хэмжилтийн явцад цаг агаар огцом хүйтэрснээс тооцоололд доголдол гарсан. Гэхдээ ганц нэг маргаантай асуудлыг эс тооцвол сэрвээний хэмжилттэй холбоотой асуудал цаашид үндсэндээ гарахааргүй болсон" хэмээн хэллээ.