Б.Орхонбаяр баруун жигүүрээ магнайлах бол, үзүүрлэсэн арслан Б.Бат-Өлзий түрүүлсэн арслан Э.Батмагнайн дээр эрэмбэлэгдэнэ

Б.Орхонбаяр баруун жигүүрээ магнайлах бол, үзүүрлэсэн арслан Б.Бат-Өлзий түрүүлсэн арслан Э.Батмагнайн дээр эрэмбэлэгдэнэ

Энэ жилийн үндэсний баяр наадмаас хэдхэн хоногийн өмнө 1024 барилдуулахаар болсноо Баяр наадмын зохион байгуулах хорооноос зарласан байдаг. Тэгвэл 1024 бөх барилдсаны дараа бөхийн цол чимэг, эрэмбэд ойлгомжгүй зүйлс олон гардаг. Тодруулбал, ес давж түрүүлсэн арслан, ес давж үзүүрлэсэн арслангийн дээр эрэмбэлэгдэх ёстой гэх мэтээр бөх сонирхогчид талцаж эхэлдэг билээ.

Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдааны онцлог нь цол бүрийн шинэ төлөөлөл төрсөнд байв. Тодруулбал, Улсын начин цолтон 14, Улсын харцага цолтон гурав, Улсын заан цолтон гурав, Улсын гарди цолтон нэг, Улсын арслан цолтон нэг, Даян аварга цолтон нэг төрсөн наадам боллоо.

-ҮЗҮҮРЛЭЖ АРСЛАН БОЛСОН Б.БАТ-ӨЛЗИЙ, ТҮРҮҮЛЖ АРСЛАН Э.БАТМАГНАЙН ДЭЭР ЭРЭМБЭЛЭГДЭНЭ-

Монголын ард иргэдийн олон жил хүсэн хүлээсэн Ховд аймгийн Зэрэг сумын харъяат Б.Бат-Өлзий ес даван үзүүрлэж Улсын арслан цолтон болсон нь энэ наадмын мөн нэгэн онцлох зүйлсийн нэг байв.

Энэ наадмын өмнө Ч.Сайнзориг тэргүүтэй зарим УИХ-ын гишүүд Б.Бат-Өлзийд 2021 оны “МЗХ 100 ойн наадам”-д түрүүлсэн амжилтыг тооцож арслан цолыг нь өгөх ёстой, зарим нь цол олгох боломжгүй гээд хоёр тал болон хуваагдаад байсан. Тэгвэл энэ жилийн наадмаар олон жил үргэлжилсэн энэхүү хэрүүлд цэг тавьж Б.Бат-Өлзий ес даван үзүүрлэж арслан цолтон боллоо.

Улсын арслан Б.Бат-Өлзийгийн хувьд ийнхүү ес даван үзүүрлэсэн арслангуудын нэг болж байна. Түүний өмнө ес даван үзүүрлэж Улсын арслан Д.Азжаргал, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын даян аварга Б.Орхонбаяр нар арслан цолыг хүртэж байв.

-ЦОЛ, АМЖИЛТЫН ЭРЭМБЭ БОЛ БӨХЧҮҮДИЙН ДАРААГИЙН АМЖИЛТАД ХҮРЭХ ХАМГИЙН ТОМ ХӨШҮҮРЭГ БАЙДАГ-

Зарим бөх судлаачид үзүүрлэж арслан болсон бөх түрүүлж арслан цолтой болсон бөхийн дээр эрэмбэлэгдэж байгаад ихэд шүүмжлэлтэй ханддаг билээ. Жишээлбэл энэ жилийн наадамд үзүүрлэж Улсын арслан цол хүртээд байгаа Б.Бат-Өлзий өнгөрсөн жилийн улсын наадмаар түрүүлж Улсын арслан цол хүртсэн Э.Батмагнайгийн дээр эрэмбэлэгдэнэ гэсэн үг.

2026 оны наадмын дараах аварга, арслангуудын эрэмбэ

Цол, амжилтын эрэмбээр барилдах бөхчүүдээ амлах нь хамгийн том давуу тал болдог үндэсний бөхөд энэ нь Улсын арслан Э.Батмагнайн амжилтад муугаар нөлөөлөх нь гарцаагүй болж байна.

1024 бөхийн барилдаанд бөхчүүдэд нэг даваа сул халаасанд нь ордог гэхэд буруудахгүй. 

-ДАЯН АВАРГА Б.ОРХОНБАЯР 2031 ОНЫ 1024 БӨХИЙН БАРИЛДААН ҮЗҮҮРЛЭХ ЮМ БОЛ УЛСЫН НААДАМД НЭГ УДАА ТҮРҮҮЛЖ ДАРХАН АВАРГА ЦОЛ ХҮРТСЭН АНХНЫ БӨХ БОЛНО-

Даян аварга Б.Орхонбаярын хувьд энэхүү цолонд хүрэхийн тулд нэг удаа түрүүлэхэд л хангалттай байлаа. Түүний хувьд 2022 оны 1024 бөхийн барилдаанд үзүүрлэж арслан болоод энэ жилийн 1024 бөхийн барилдаанд түрүүлэн аварга цолыг алгасаж шууд Даян аварга болж байна. Одоо тэрбээр дахин нэг удаа түрүүлэх юм бол бөхийн ноён оргил болсон Дархан аварга цолыг хоёрхон удаа улсын наадамд түрүүлээд авсан бөх болох аж. 

Н.Батсуурийн хувьд Дархан аварга цолондоо хүрэхийн тулд 2014, 2018, 2020, 2024 онуудад түрүүлсэн байдаг.

Сонирхуулахад, Улсын даян аварга Б.Орхонбаяр 2031 оны 1024 бөхийн барилдаанд ес даван үзүүрлэх юм бол Дархан аварга болох боломжтой. Хэрэв ийм зүйл тохиолдвол Улсын наадамд дөрвөн удаа түрүүлж авдаг Дархан аварга цолыг 1024 бөхийн барилдаанд нэг удаа түрүүлж, хоёр удаа түрүүлсэн бөх авах боломжтой. Гэхдээ энэ бол бөхчүүдийн буруу огт биш юм. Харин Улсын цол олгох хуулинд маш том цоорхой байгаагийн илрэл болж байна.