Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын албаны хэмжээнд энэ сарын 10-19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.
Энэ хугацаанд улсын хэмжээнд 142 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ. Наадмын өдрүүдэд нийслэлийн гурван дүүрэг, зургаан аймгийн 12 суманд усны ослын 23 тохиолдлоор 13 хүн (том хүн 11, хүүхэд 2) амь насаа алдсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сум, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт усанд осолдсон гурван иргэний эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 926 алба хаагч, 194 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Алба хаагчид дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос 39 хүний амь насыг аварч, 75 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын
- 66 нь объектын гал түймэр,
- 1 нь ой, хээрийн түймэр,
- 23 нь усны осол,
- 19 нь үер,
- 11 нь ус, шавар суусан,
- 22 нь бусад (газар хөдлөлт, салхи шуурга, төөрсөн, сураггүй болсон, зам тээврийн осол) ослын дуудлага эзэлж байна.
Энэ хугацаанд аюулт үзэгдэл ослын улмаас буюу усны ослоор 13, обьектын гал түймэрт 2, зам тээврийн осолд 1, өндрөөс унах осолд 1, бусад ахуйн осолд 2 буюу нийт 19 хүн амь насаа алдсаны 3 нь хүүхэд байв гэж ОБЕГ мэдээлэв.