Украины зэвсэгт хүчин ОХУ-ын нутаг дэвсгэрт алсын тусгалтай дроны цохилтоо үргэлжлүүлж, энэ удаа тус улсын хамгийн том онлайн худалдааны сүлжээ болох Wildberries компанийн хоёр том агуулахыг онилжээ. Халдлагын улмаас есөн хүн амиа алдаж, 80 гаруй хүн бэртсэн талаар Оросын албаныхан мэдээлэв.
Цохилтод Тамбов мужийн Котовск хот болон Москвагаас зүүн тийш 50 орчим км-т орших Электросталь хот дахь агуулахууд өртсөн байна. Тамбов мужийн агуулахад шөнийн ээлжинд ажиллаж байсан долоон ажилтан амиа алдаж, 25 хүн шархаджээ. Харин Москва мужид байрлах агуулахад гарсан дэлбэрэлт, гал түймрийн улмаас нэг хүн нас барж, нийт 61 хүн бэртсэн байна. Түүнчлэн Ногинск хотын газрын тосны агуулах дроны цохилтод өртөж, ойролцоох амаржих газар болон орон сууцны барилгын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Дроны хэлтэрхий цэцэрлэгийн барилга дээр унаж гал гарсан ч удалгүй унтраасан байна. Wildberries компанийн үүсгэн байгуулагч Татьяна Ким хоёр агуулах хоёулаа галд автсан болохыг баталж, Котовск дахь түймрийг унтраасан ч Электросталь дахь агуулах их хэмжээгээр шатсан гэж мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский уг ажиллагааг баталгаажуулж, Москва болон Тамбов муж дахь "цэргийн ложистикийн чухал байгууламжууд"-ыг онилсон гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр эдгээр агуулахыг Оросын тал хориг арга хэмжээнд хамрагдсан дроны эд анги, навигацийн төхөөрөмж нийлүүлэхэд ашиглаж байжээ. Мөн Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб Ногинск дахь газрын тосны агуулахыг Оросын армийг түлшээр хангадаг байсан гэж мэдээлсэн бөгөөд Азов, Хар тэнгист газрын тос болон цэргийн ачаа тээвэрлэдэг хэд хэдэн усан онгоц, Луганск дахь цэргийн зориулалттай төмөр замын гүүрийг мөн онилсон гэжээ.
Эх сурвалж: Associated Press