Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг болох шинэ ургацын тарвас худалдаанд гарлаа. Тус аймагт 3200 орчим газар тариалан эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зарим тариаланчид орон нутгийн шимт хөрсөнд ургуулсан эко тарвас, хүнсний ногоогоо хураан авч, эхний ургацаа зах зээлд нийлүүлжээ.
Одоогоор шинэ ургацын тарвасыг нэг кг нь 5000 төгрөгөөр худалдаж байна. Тарвас болон шинэ ургацын хүнсний ногоог аймгийн төв захын гадна талбай, мөн хөдөө орон нутаг руу чиглэсэн авто замын дагуух худалдааны цэгүүдээр ийнхүү борлуулж эхэлжээ. Ховд аймаг жилд дунджаар 5000 гаруй тонн тарвас хураан авдаг бөгөөд энэ жил тариаланчид 500 гаруй га талбайд тарвас тариалсан байна.