Унгарын Ерөнхийлөгч Тамаш Шуйок бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гарын үсэг зурснаар албан тушаалаасаа огцрохыг зөвшөөрлөө.
Ерөнхий сайд Петер Мажарын тэргүүлдэг эрх баригч Тиса нам уг хуулийн өөрчлөлтийг парламентаар батлуулж, Шуйокийг огцруулах шийдвэр гаргасан юм. Түүнийг 2024 онд тухайн үеийн Ерөнхий сайд Виктор Орбаны Фидес намын олонхтой парламент Ерөнхийлөгчөөр сонгож байсан бөгөөд Орбаны үнэнч хүн гэж үздэг байв.
Шуйокт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тав хоногийн дотор гарын үсэг зурах эсвэл импичментийн ажиллагаатай нүүр тулах сонголт байсан бөгөөд тэрбээр бямба гарагийн орой гарын үсэг зурснаар бүрэн эрхээ дуусгавар болгохыг зөвшөөрчээ.
Тэрбээр мэдэгдэлдээ, "Энэ өөрчлөлт нь Унгарын үндсэн хуулийн ардчиллын эргэлтийн цэг боллоо. Улс төрийн эрх мэдлийн төлөө хууль дээдлэх зарчим, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэлээ" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Харин 2010-2026 онд Ерөнхий сайдаар ажилласан Виктор Орбан уг шийдвэрийг "дарангуйллын үйлдэл" хэмээн шүүмжилж, "Өнөөдөр Ерөнхийлөгчийг ингэж огцруулж байгаа бол маргааш хэн ч аюулгүй байхгүй" гэж мэдэгджээ.
Парламентын баталсан Үндсэн хуулийн 17 дахь нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг "нийгмийн итгэлийг ноцтой алдсан" гэсэн үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулахын зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх, парламентад гурван удаа сонгогдсон гишүүдийг дахин нэр дэвшихийг хориглох зохицуулалтыг мөн тусгажээ.
Эх сурвалж: BBC