Монголчуудын сэтгэлд хоногшиж, үеийн үед эгшиглэсээр ирсэн нутаг ус, эх орноо магтан дуулсан олон сайхан дуу бий. Тэдгээрийн нэг нь МУСТА, дуучин Д.Бүжнээгийн дүрсжүүлэн олон нийтэд түгээсэн "Өвөрхангайн магтаал" дуу юм.
Сайхан хун жигүүр амраан
Сангийн далайд чуулах үеэр
Тэнгис талын сүрэг бэлчин
Тэнгэрийн заадас шиг тоосрон байдаг...
хэмээх энэхүү дуу нь Өвөрхангай нутгийн байгалийн үзэсгэлэн, уудам тал, хангай говийн хосгүй өнгө төрхийг уянгалуулан магтаж, сонссон хүн бүхэнд төрсөн нутаг, эх орноо санагдуулдаг бүтээл юм. Тиймдээ ч зөвхөн Өвөрхангайчууд төдийгүй Монгол орны дөрвөн зүг найман зовхист аж төрж буй монголчуудын сэтгэлд эх нутгаа гэсэн хайр, бахархлыг хөглөн олон жилийн турш ард түмний аманд аялагдсаар байгаа билээ. Иймийн учир Isee.mn мэдээллийн сайт Үндэсний их баяр наадмын дугаарынхаа зочноор Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Бүжнээг урьж ярилцлаа.
ВИДЕО:
- УРАН БҮТЭЭЛЭЭ ЭХЭЛЖ БАЙГАА ЗАЛУУ ХҮНИЙ ХУВЬД БЭЛГЭДЛЭЭ БОДООД НУТАГ ОРНОО МАГТАЖ ДУУЛАХЫГ ХҮССЭН ЮМ-
- Урилгыг минь хүлээн авч, баярын дугаарын маань зочноор оролцож байгаа танд маш их баярлалаа. Үндэсний их баяр наадам өндөр үүдээ нээж байгаа энэ сайхан өдрийг тохиолдуулан үзэгч, сонсогч, наадамчин олондоо хандан баяр наадмын мэндчилгээ дэвшүүлнэ үү.
- Сайн байцгаана уу. Isee.mn сайтыг үзэж байгаа наадамчин олон та бүхэн минь сайхан наадацгааж байна уу.
- Юуны өмнө манай үзэгчдэд өөрийгөө танилцуулвал.
- Намайг Д.Бүжнээ гэдэг. Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж өссөн. Уран бүтээлийн гараагаа эхлүүлж, ард түмэндээ явж байгаа дуучин хүн байна аа .

- Урлагийн гараагаа хэзээнээс эхлүүлсэн бэ. Дуучин Д.Бүжнээ бага насандаа ер нь ямар хүүхэд байсан бэ?
- Би багаасаа л дуу хуур, урлаг уран сайханд хайртай хүүхэд байсан. Цэцэрлэгт байхаасаа эхлээд л энд, тэнд зохиогдож байгаа дууны тэмцээнд оролцож, шагнал хүртэж явдаг байлаа. Хамгийн анхныхаа уралдаанд 1994 онд оролцож байсан юм байна. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 30 шахам жил дуртай зүйлсээ тогтмол хийж, дуулсаар, сайхан уран бүтээл хийх хүсэлдээ хөтлөгдсөөр явна даа.
- Дуучин болсноосоо хойш хамгийн анх ямар уран бүтээл хийж, үзэгч олондоо өргөн барьж байв?
- Өөрөөрөө овоглосон уран бүтээлүүдээ хийхээсээ өмнө, хуучны олон түмний сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг сэргээн дуулж, клипийг нь хийсэн юм. Хамгийн анхны уран бүтээл маань гэвэл Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн шүлгээр бүтсэн “Өвөрхангай магтаал” гэдэг сайхан дуу бий. Уран бүтээлээ эхэлж байгаа залуу хүний хувьд бэлгэдлээ бодоод нутаг орноо магтаж дуулахыг хүссэн юм. “Өвөрхангайн магтаал” маань яг л тэр утгаараа нутгийнхаа уул усыг магтсан дуу, тэр ч утгаараа энэ дуу маань хүмүүст илүү хүрсэн болов уу гэж боддог юм.
- Өвөрхангайн магтаал дууг хамгийн анх хэн гэдэг дуучин дуулж байсан юм бол. Энэ дууны түүхийг бидэнд сонирхуулвал...
- Өвөрхангайн магтаал бол яг тэр дуучин дуулж байсан гэсэн эзэн байхгүй, Ардын дуу шиг л өвлөгдөн дуулагддаг дуу юм. Өвөрхангайн магтаалыг анх дуулахад аяыг нь зохиосон хүн тодорхой биш учраас Н.Жанцанноров гуайгаас асууж, ярилцаж байгаад дуулсан. Н.Жанцанноров гуайн хэлснээр “Ардын дуу бол ард түмний дунд ам дамжин дуулагддаг дуу байдаг. Өвөрхангайн магтаал бол яг л түүнтэй ижил, тиймээс шүлгийнхээ зохиолчоор явах нь зөв юм байна даа” гэсэн. Тиймдээ ч дуугаа дүрсжүүлэхдээ МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж хэмээн овоглосон байдаг юм. Тэгээд л албан ёсоор дуулахаар болж нутгийнхаа сайхан байгалиудаар явж клипийг нь хийж дүрсжүүлээд олон түмэнд хүргэсэн. Анх дуулах болсон түүхээ сонирхуулвал, төрсөн ах Д.Ганзориг маань миний уран бүтээлийн продюсер гэж болохоор хүн л дээ. Дуулах дууг маань сонгож, энэ дууг ингэж дуулна гээд бүхий л зөвлөгөөг ах маань өгдөг юм. Өвөрхангайн магтаалыг ч мөн надад санал болгоод би дуулж байлаа. Тэр жил Өвөрхангайн үйл ажиллагаанд ирээд нутгийн дуу дуулаад өгөөч гэхэд нь ах маань тэр дор нь надад хөгжмийн найруулгыг нь хийж өгөөд дуулуулж байсан. Тухайн үед надад хуучны магтаал, ерөөлийн ч юм шиг “сонин” дуу санагдсан ч ахынхаа үгнээс гардаггүй хүн чинь дуулсан л даа. Гэтэл дуулах тусам маш гайхамшигтай сайхан дуу гэдгийг нь одоо өдөр тутам мэдэрч байгаа.

- "Өвөрхангайн магтаал" дуу ганцхан Өвөрхангайчуудын л дуу байхаа больжээ. Монгол түмний түмний дуу болсон юм байна. Энэ дуу ингэж олонд хүрсэн учрыг та юутай холбон тайлбарлах вэ?
- Үгийг нь сонсох юм бол зөвхөн Өвөрхангайнханд л зориулсан, Өвөрхангайг л магтаад байгаа юм шиг боловч, хүмүүсийн хүлээж авч байгаа сэтгэл нь сайхан л даа. Монголчууд чинь дуу сонсохдоо үг, аялгуунд нь их татагддаг ард түмэн шүү дээ. Жишээ нь бид нар одоо Увс нутгийн сайхан дуу, Баянхонгорын сайхан дууг бүгдээрээ л бишрэн сонсож, даган дуулдагтай л адил. Үүгээр ч зогсохгүй клип цацагдсаны дараа Өвөрмонголд маш их дуулагдсан. Өвөрмонголын монгол сургуулийн хичээлийн хөтөлбөрт албан ёсоор багтсан байна лээ. Надад дуулж байгаа бичлэгнүүд их ирдэг. Дуучид аливаа арга хэмжээнд уригдан очихдоо өөрийнхөө дууг л дуулцгаадаг шүү дээ. Яг тэрэнтэй ижил би хаана ч очсон энэ дуугаа дуулах дуртай. Хуриманд очлоо гэж бодоход хуримын тухай дуугаа дуулчихаад, араас нь заавал Өвөрхангайн магтаалаа дуулдаг.
- ЯАЛТАЧГҮЙ Л ӨВӨРХАНГАЙН БӨХ, ДУУЧИН ХОЁР ХОРШИЖ НУТГАА АЛДАРШУУЛЖ БАЙГАА ЮМ -
- Өвөрхангай нутгаас олон хүчит бөх төрсний нэг нь улсын арслан Ц.Бямба-Отгон. Сошиал орчинд Ц.Бямба-Отгоны дэвж шавж байгаа, барилдаж байгаа бичлэгний ард ихэнхдээ л “Өвөрхангайн магтаал” явж байгаа харагддаг л даа. Дуучных нь хувьд танд ямар санагддаг бол?
- Ц.Бямба-Отгон бол манай сумын, бид нар нэг нутгийн хүмүүс. Би бол бөхийн талаар ойлголтгүй, тиймдээ ч сонирхож зорьж үздэггүй байсан ч манай сумаас нэг залуу барилдаад эхлэхээр яалтачгүй ч л үзэж сонирхдог болж байгаа юм л даа. Манай аймгаас ч олон сайхан улсын цолтой бөхчүү бий. Тэр дундаас Ц.Бямба-Отгоны бичлэг болгоны ард Өвөрхангайн магтаал маань явдаг. Нэг инээдтэй юм ярихада, сошиал дээр хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг хааяа харахаар “Д.Бүжнээгийн дуулсан Бямба-Отгон гэдэг дуу” гэсэн байсан. Ингэж хэлүүлэх их сайхан л даа. Яалтачгүй л Өвөрхангайн бөх дуучин хоёр хоршиж нутгаа алдаршуулж, нутгаа магтаж байгаа юм шүү дээ.

- Баяр наадмыг угтан ард түмний дунд Төв цэнгэлдэх хүрээлэнд аль нутгийн дууг дуулах вэ гэсэн таамаг түрүүлэх бөхийн нэрнээс илүү ярьдаг шүү дээ. Энэ дунд Өвөрхангайн магтаал ч мөн дурдагдаж байдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
- Амны билэг ашдын билэгээ дууддаг гэдэг. Магадгүй энэ олон хүний ерөөлөөр манай нутгаас улсын цолтой бөхчүүд маань цолоо ахиулсан, цолгүй бөхчүүд нь улсын цолонд хүрсэн сайхан жил болно гэж итгэж байгаа. Нутгийн сайхан уул ус маань ивээгээд энэ сайхан дуу цэнгэлдэхэд дуулагдахыг үгүйсгэх арга байхгүй.
- Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Наадамчин олондоо хандаж хэлэх таны үгээр энэхүү ярилцлагаа өндөрлөе.
- Энэ сайхан ярилцлагандаа урьсан танай хамт олонд маш их баярлалаа. Уран бүтээлийн гараагаа эхэлж байгаа бидний хувьд хамгийн эхний зорилго бол мэдээж уран бүтээлээ хийж, олонд түмэнд хүргэх байдаг. Үүний тулд олон түмэнд яаж хүргэх вэ гэдэг дээр олон зүйлийг тунгаах хэрэг болдог. Магадгүй Өвөрхангайн магтаал дууг сонсдог ч ямар дуучин дуулаад байгааг нь мэддэггүй байсан бол намайг дуулдгийг мэдэх нэг боломж олдож байна. Тиймээс та бүхэнд юуны өмнө маш их баярлалаа. Мөн үзэгч олон та бүхэн минь эрүүл энх байж, хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай.
- Баярлалаа.