2022 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн Ар Зайсангийн "Дугуй цагаан" орчимд байрлах шавар гэрүүдийг буулгаж, оронд нь уулын алхалтын зам байгуулах ажил эхэлсэн. Энэ үеэр газар эзэмшиж байсан "Энигма констракшн" ХХК "хувийн өмчид халдсан" хэмээн мэдэгдэж, нийслэлийн шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандахаа зарласнаар олон нийтийн анхаарлын төвд орж байв. Харин үүнтэй зэрэгцэн тус компани Ар Зайсангийн гудамжнаас "Дугуй цагаан" хүртэлх уулын алхалтын замын 1.9 тэрбум төгрөгийн тохижилтын ажлын тендерт шалгарч, "Хангарьд"-ын хүрэл хөшөө бүхий тохижилтыг гүйцэтгэх гэрээ байгуулсан нь багагүй шүүмжлэл дагуулсан юм.
Ийнхүү олон нийтийн анхааралд өртсөн тус компани нь МҮИС-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга Л.Мөнхбатын үүсгэн байгуулсан компани гэдгээрээ танигдсан билээ. Тэгвэл "Энигма констракшн" ХХК энэ удаа нийслэлийн тохижилтын асуудлаар бус, төрийн онцгой чиг үүрэгтэй байгууллагын бүтээн байгуулалтын асуудлаар дахин анхаарал татаж байна.
- ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 29 ДҮГЭЭР АНГИЙН БАРИЛГА 2025 ОНД АШИГЛАЛТАНД ОРОХ ГЭРЭЭТЭЙ Ч ГҮЙЦЭТГЭЛ 60.2 ХУВЬТАЙ БАЙНА -
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд баригдаж буй Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилга хугацаандаа ашиглалтанд ороогүй байгаа юм. Энэхүү барилгыг анх 2020 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлсэн "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд барихаар зарласан байдаг. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд Гал түймэр унтраах, аврах анги, спорт цогцолбор, алба хаагчдын орон сууцыг цогцоор нь байгуулахаар төлөвлөж, барилгын ажлыг эхлүүлэх гэрээнд холбогдох талууд гарын үсэг зуржээ.
Улмаар 2022 оны есдүгээр сарын 8-нд барилга угсралтын ажлыг 7 тэрбум 934 сая төгрөгөөр гүйцэтгэх гэрээг "Энигма констракшн" ХХК-тай байгуулсан байна. Гэрээний дагуу барилгыг 15 сарын хугацаанд бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байжээ.

Гэвч барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгаагүй төдийгүй хоёр удаа гэрээг сунгасан байна. Эцэст нь 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд гэрээний хугацаа дууссан ч барилга одоог хүртэл ашиглалтад ороогүй аж. Холбогдох баримтаас үзвэл, 2025 оны жилийн эцсийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл ердөө 60.2 хувьтай байжээ.

Гал түймэр унтраах, аврах ангийн барилга бол энгийн оффис, орон сууцтай адилтгах аргагүй зүйл. Нэг дуудлагын ард нэгэн айлын гал голомт, олон хүний амь нас, эрүүл мэндийн асуудал байдаг. Тиймээс онцгой байдлын алба хаагчдын техник, тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангах ийм төрлийн барилга хугацаандаа ашиглалтад орох нь иргэдийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой гэдгийг сануулъя.