Олон нийтийн анхаарал татсан 16 настай охин бусдын гарт амиа алдсан хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа болон түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн байна.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчдийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, мөн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлд хамаарч байна гэж үзжээ. Иймд уг хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.