ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шатахууны экспортыг бүрэн зогсоосон гэх мэдээлэл олон нийтийн дунд тархсантай холбоотойгоор шатахуун түгээх станцуудад иргэд олноороо үйлчлүүлж, урт дараалал үүсээд байна.
Мөн зарим иргэн цахим орчинд АИ-95 болон Евро-2 төрлийн автобензиний үнэ нэмэгдсэн талаар мэдээлэл нийтэлжээ. Үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нөхцөл байдлын талаар тайлбар өглөө.
Тэрбээр “Өнөөдөр Евро-5 төрлийн автобензины үнэ нэмээгүй. Зургадугаар сарын 28-нд Евро-5 нэмсэн. Харин Евро-2 төрөл дээр нэмээгүй. Ер нь өнгөрсөн хоёр өдөр бүх сумдын наадам болсон. Орон нутгийн таталт эрс нэмэгдсэн. Амралтын өдөр хотын агуулахууд амардаг юм. Тиймээс ердийн үед ч нэгдүгээр гарагт бага зэрэг ачаалал нэмэгддэг. Мөн наадам гээд их хэмжээгээр авдаг үе таарч байна. Энэ сарын 8, 9-ний өдрүүдэд бүх аймгийн наадам болно. Хүмүүс хотоос гарах бэлтгэл хангаж байна. Шөнөдөө бүх ШТС-ийг цэнэглээд дүүргэнэ. Одоогоор шатахууны нөөц хангалттай байгаа учир сандрах шаардлагагүй” гэжээ.