Төв аймгийн Алтанбулаг сумын II багийн нутагт зургаадугаар сарын 9-нд Тавантолгойн цэргийн ангид болсон гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр хугацаат цэргийн хоёр алба хаагч автомашинд дайруулсан хэрэгтэй холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлэл хийлээ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч, хошууч генерал Ж.Өсөхбаяр “2007 оноос хойш марш-тактикийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Зэвсэгч хүчний шилдэг баг, тамирчид оролцдог. Харин үүсээд байгаа асуудал бол зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш-тактикийн тэмцээний гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр тоглолтод оролцсон хугацаат цэргийн хоёр алба хаагч гэмтсэн харамсалтай осол болсон. Тухайн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлсний үр дүнд нэг цэрэг нь салаандаа буцаж очсон бол нөгөө цэргийг Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Албаны шалгалтаар хариуцсан алба хариуцлага алдаж, аюулгүй байдал хангаагүй байгаа нь тогтоогдсон. Эзлэгдсэн объектыг чөлөөлөх үзүүлэх тоглолтыг удирдаж, хянаж байсан буруутай найман алба хаагчид шат шатны арга хэмжээ авч, тодорхой тооны алба хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Эмчлэгдэж буй цэргийн хувьд элэгний няцрал, хэвлийн хэсгийн гэмтэлтэй бөгөөд мэс заслын эмчилгээ хийсэн. Одоо биеийн байдал тогтворжиж байна” гэв.