Ц.Лут-Очир "Огцрох амархан" жагсаалын үеэр биед нь халдсан хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны прокурорт ханджээ

Ц.Лут-Очир "Огцрох амархан" жагсаалын үеэр биед нь халдсан хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны прокурорт ханджээ

“Огцрох амархан” жагсаалын үеэр буюу 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр нэр бүхий иргэд иргэн Ц.Лут-Очирын биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан хэрэг гарсан. 

Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Гэсэн ч прокуророос тус хэргийг "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Тиймээс иргэн Ц.Лут-Очир прокурорын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны прокурорт нь гомдол гаргажээ. 

Учир нь тэрбээр өөрийг нь зодож, хөнгөн гэмтэл учруулсан нэр бүхий хүмүүсийн үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болоод зогсохгүй захиалагч нь ч тодорхой болсон. Гэтэл прокуророос тус хэргийг хэрэгсэхгүй болгосон нь бусдын нөлөөнд автсан байхыг үгүйсгэхгүй хэмээн үзэж, дээд шатны прокурорт нь хандсан байна. Энэ талаар иргэн Ц.Лут-Очир “Огцрох амархан” жагсаалын үеэр “Ц.Лут-Очирыг очоод шоглоод ир” гээд гурван залууд захиалга өгч явуулсан нь тогтоогдсон. Тэд ч мөнгө аваад намайг ирж зодсоноо хүлээн зөвшөөрсөн. Захиалагчийг ч олсон. Гэтэл тухайн захиалагч дахин өөр нэгэн хүнээс зааварчилгаа авсан гэж мэдүүлсэн. Бүх нөхцөл байдал тогтоогдоод тэд хэргээ хүлээсээр байхад Прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгочихлоо" хэмээж байсан юм.