Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн нар эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны бүх шүүхийн Ерөнхий шүүгчтэй шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой асуудлаар 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр танхим, цахим хослуулан уулзлаа.
Уулзалтаар шүүхийн олон нийттэй харилцах бодлогыг боловсронгуй болгох замаар олны анхаарлыг татсан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх процессыг ил тод нээлттэй байлгах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, мөн шүүх хуралдааныг шууд дамжуулах хүртээмж, чанарыг сайжруулах талаар санал солилцов. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд эрх зүйн боловсролыг түгээх зорилгоор шүүгч өөрийн хянан шийдвэрлэсэн хэргээ энгийн ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэх, найруулан бичих тал дээр анхаарах хэрэгтэйг онцолсон юм.
Цаашид хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хуульч, прокурор, өмгөөлөгчдөд буюу салбарын мэргэжилтнүүдэд зориулсан тоймыг агуулгаар нь сайжруулах, аргачлалыг нь илүү боловсронгуй болгох шаардлагатай талаар дурдав. Энэ үеэр шүүхийн шийдвэрийн хураангуй тойм бичих аргачлалыг боловсронгуй болгохын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн академитай зөвшилцөж, сайжруулах чиглэлд хамтран ажиллахыг тодотголоо. Үүнээс гадна, Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журмын хэрэгжилтийн талаар хэлэлцэж, шүүх бие даасан, шүүгчийн хараат бус байх эхлэлийн цэг нь тус журам болохыг тухайлан онцолсон юм. Улмаар тойргийн шүүхүүдэд энэ журмын хэрэгжилт хэрхэн явагдаж буй талаар санал сонсож, холбогдох зарим асуудлыг нарийвчлан ярилцлаа.
Мөн эрүүгийн хэргийн шүүх шийдвэртээ ижил төстэй хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн хэргийн тогтоолыг эшлэх нь хууль хэрэглээний зөрүү байгаа эсэхийг харуулах, нэгдмэл байдлыг тогтооход ач холбогдолтойг тодотгов. Уулзалтын төгсгөлд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт эрүүгийн хэргийн шүүх, шүүгч нар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөндөгдөж буй аливаа зүй бус нөлөөллөөс ангид ажиллах нөхцөлөө өөрсдөө ажил хэрэгч хандлага, ажлын зохион байгуулалт шийдвэрийн үндэслэлээр бүрдүүлж, хангаж ажиллах учиртайг сануулж, уулзалтаар ярилцсан асуудлуудыг шийдвэрлэх саналуудаа нэгтгэн Улсын дээд шүүхэд ирүүлэхийг тодотгосон юм.