Монголын гол мөрний загасны нөөц жилээс жилд буурч байгаа энэ үед түүнийг сэргээхээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ажиллаж буй залуу судлаачдын нэг нь Э.Молор-Эрдэнэ юм. Тэрбээр 2019 онд ХААИС-ийн Загас үржүүлэг, технологийн ангийг ганцаараа төгсөж, өдгөө зэвэг загасны үржлийн үеийн шилжилт хөдөлгөөнийг судлан, нөхөн үржүүлгийн төсөлд ажиллаж байна. Байгалийн загас үржүүлэгчдийн холбоотой хамтран Архангайн Чулуут голд найман жилийн хугацаанд дөрвөн сая гаруй хадран, зэвэг загасны жарамгайг байгальд нутагшуулсан бол энэ жилээс Булган аймгийн Тэшиг сумын Тавтын голд шинэ төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тиймээс бид түүнийг энэ удаагийн “Social ID” буландаа онцолж байна.
ВИДЕО:
-ЭНЭ МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЗААВАЛ СУРАЛЦАНА ГЭСЭН ХҮСЭЛТЭЙ БАЙСАН УЧРААС ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ ГАРГАЖ, АНГИА ХАДГАЛЖ ҮЛДСЭН-
-Сайн байна уу? манай уншигчдад өөрийгөө танилцуулаач
-Сайн байцгаана уу? Намайг Э.Молор-Эрдэнэ гэдэг. Загас үржүүлгийн технологич мэргэжилтэй залуу байна.
-Та анх яагаад ийм мэргэжил сонгох болов, мэргэжлээ сонгоход юу нөлөөлсөн бэ?
-Манай гэрт бага байхаас л аквариумтай загас байсан болохоор загас миний хамгийн дуртай амьтны нэг байсан гэж хэлж болно. Цэцэрлэгт явах дургүй хүүхэд байсан ч аав маань нэг удаа аквариумтай загасыг маань цэцэрлэгт аваачиж тавьснаас хойш өглөө болгон дуртайяа явдаг болсон гэдэг. Тэр үеэс л миний байгаль, экологийн талаарх сонирхол маант эхэлсэн байх. Том болоод энэ сонирхлоо мэргэжил болгож, ХААИС-ийн Загас үржүүлэг, технологийн ангид элссэн.
-2019 онд та энэ ангийг ганцаараа төгссөн. Нэг оюутантай ангийг хадгалж үлдэнэ гэдэг амаргүй байсан байх. Тэр үеийг эргэн дурсвал?
-Анх элсэхэд ганцхан оюутантай учраас ангийг хаах тухай асуудал хэд хэдэн удаа яригдсан. Би энэ мэргэжлээрээ заавал суралцана гэсэн хүсэлтэй байсан учраас өргөдөл, хүсэлт гаргаж, ангиа хадгалж үлдсэн. Эхний хоёр жил ганцаараа болохоор шоглуулах зэрэг асуудал байдаг л байлаа. Сүүлдээ дасчихдаг юм байна лээ нөгөө загасны ганц явж байна гээд тоохоо боличихсон.
-Одоо та МУИС-д “Зэвэг загасны үржлийн үеийн шилжилт хөдөлгөөн” сэдвээр судалгаа хийж байгаа гэж дуулсан. Энэ судалгаа ямар ач холбогдолтой вэ?
-Загас үржлийн үедээ хаашаа шилждэг, ямар орчин сонгодог, ямар нөхцөл шаарддагийг тогтоох нь хамгааллын ажлын суурь болдог. Хэрэв бид үржлийн бүсийг зөв тодорхойлж чадвал тухайн газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг илүү оновчтой төлөвлөх боломжтой. Энэ нь зөвхөн нэг төрлийн загас биш, тухайн голын экосистемийг бүхэлд нь хамгаалахад чухал ач холбогдолтой.

-ЛАБОРАТОРИЙН АРГААР НЭГ ЗАГАСНЫ 4000 МЯНГА ОРЧИМ ТҮРСИЙГ БҮГДИЙГ НЬ ЭСЭН МЭНД ӨСГӨӨД, ХЭЛТҮҮЛЖ БОЛНО-
-Та Байгалийн загас үржүүлэгчдийн холбоотой хамтран Чулуут гол дээр найман жилийн турш ажиллаж байна. Энэ төслийн үр дүнгээс хуваалцвал?
-Бид Чулуут голд найман жилийн хугацаанд дөрвөн сая орчим хадран, зэвэг загасны жарамгайг бойжуулж тавьсан. Энэ бол олон хүний хөдөлмөр, олон жилийн судалгааны үр дүн.
Нөхөн үржүүлгийн ажил богино хугацаанд үр дүнгээ өгдөггүй. Харин хэдэн жилийн дараа тухайн загас өсөж үржилд орсноор бодит үр нөлөө нь гарч эхэлдэг. Эхний хоёр жил итгэлгүй л байдаг байлаа. Гурав дахь жил үр дүн нь тодорхой харагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бидний голд тавьсан жарамгайнууд харагдаж эхэлсэн гэсэн үг л дээ.
-Байгаль дээр нэг эм загасны гаргасан 4000 орчим түрсний ердөө 0.1 хувь нь л нас бие гүйцдэг. Харин лабораторийн нөхцөлд энэ үзүүлэлт 30 хувь хүрдэг гэсэн. Яагаад ийм ялгаа гардаг юм бэ?
-Байгаль дээр түрс, жарамгай нь урсгал усанд туугдах, махчин амьтанд баригдах, хоол тэжээлийн дутагдалд орох зэрэг маш олон эрсдэлтэй. Харин лабораторид усны чанар, температур, хүчилтөрөгч, тэжээл зэрэг шаардлагатай бүх нөхцөлийг бүрдүүлдэг. Ингэснээр амьд үлдэх хувь эрс нэмэгддэг. Бид тодорхой хэмжээнд бойжуулсны дараа байгальд нь буцаан тавьдаг гэж энгийнээр ойлгож болно. Лабораторийн аргаар тэдгээр 4000 мянга орчим түрсийг бүгдийг нь эсэн мэнд өсгөөд, хэлтүүлж болно гэсэн үг.
-Энэ жилээс Булган аймгийн Тэшиг сумын Тавтын голд ажиллаж эхэлжээ. Ямар ажил өрнөж байна вэ?
-Энэ жил шинэ байршилд лаборатори байгуулж, зарим шаардлагатай тоног төхөөрөмжөө өөрсдөө гараараа хийж бүх ажлаа шинээр эхлүүлсэн.
Анх 750 мянган жарамгай бойжуулах зорилготой байсан ч бэлтгэл ажлаас шалтгаалан 500 мянгыг амжилттай өсгөж байна.
Ирэх жилээс туршлага, тоног төхөөрөмж бүрэн жигдэрснээр төлөвлөсөн хүчин чадалдаа хүрэх боломжтой гэж үзэж байгаа.
-Жарамгайг байгальд тавихаас өмнө ямар арчилгаа шаарддаг вэ?
-Өндөгнөөс гарсан жарамгай маш эмзэг байдаг. Усны чанар, температур, хүчилтөрөгчийн хэмжээг байнга хянахаас гадна тохирсон хэмжээний амьд тэжээл өгч өсгөнө. Ойролцоогоор хоёр сантиметр орчим болсны дараа байгальд дасан зохицох чадвар нь нэмэгддэг учраас тухайн голдоо тавьдаг.
-Монголд загас үржүүлэг, хамгааллын чиглэлээр ажиллах хүний нөөц хэр байдаг вэ?
-Энэ чиглэлийн боловсон хүчин тийм ч олон биш. Гэхдээ сүүлийн жилүүдэд залуусын сонирхол нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Судалгаа, нөхөн үржүүлгийг тогтвортой хөгжүүлэхийн тулд мэргэжлийн хүний нөөц маш чухал. Тиймээс дүү нарыгаа зөвхөн загас үржүүлэгч гэлтгүй байгаль экологийн мэргэжлээр суралцаасай гэж уриалмаар байна. Мөн энэ ташрамд бидний ажлыг үргэлж дэмжиж байгаа Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан болон Булган аймгийн Тэшиг сумын нутгийн ард иргэдэд талархаж явдаг аа илэрхийлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.
