УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Казах нэрээр бүртгэгдсэн 319 уул, ус, газрын нэрийг монгол уламжлалт нэрээр сэргээн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 65.7 хувийн саналаар баталлаа.
Уг тогтоолын төслийг Засгийн газар 2026 оны гуравдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 24-ний хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн байна.
Тогтоолоор Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 газар зүйн нэрийг өөрчилж, 47 уламжлалт газар зүйн нэрийг шинээр батлав. Мөн Сүхбаатар аймгийн 2020 уламжлалт газар зүйн нэрийг нэмж баталж, үг, үсэг, дүрмийн алдаатай 45 газар зүйн нэрийг засварлахаар шийдвэрлэлээ.
Тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газарт батлагдсан газар зүйн нэрийг улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэх, олон улсын стандартын дагуу латин үсэгт галиглан хэрэглэх, цахим системд нэвтрүүлэх, Баян-Өлгий аймгийн сумдын хилийн цэсийг шинэчлэн 2027 оны намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгалаа. Мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд өгсөн байна.