Албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон этгээдэд нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Д.Дэлгэрмаа нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуулийг зөрчиж дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч Б-н зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, мөн согтуурлын зэргийг тогтоон тэмдэглэл үйлдсэн, талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгахдаа гомдолд авагдсан зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох зохицуулагч Б-н үйлдсэн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэлд тусгагдсан иргэн А-н согтуурлын зэргийг 3.25 гэснийг 0.25 болгон засварлаж улмаар шийтгэл оногдуулах хуудсанд согтуурлын хэмжээ 0.25 гэж тусган дүүргийн шүүхэд хүргүүлж А-д давуу байдал бий болгосон хэрэгт холбогдож прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Д.Дэлгэрмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, устгасан, 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.