Ким Жон Ун “Чой Хён” бол орчин үеийн Умард Солонгосын флотын анхны хөлөг, бид удахгүй үүнээс ч том усан цэргийн хөлгүүдтэй болно гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр "Умард Солонгос түүхэндээ хамгийн томд тооцогдох 5000 тоннын жинтэй сөнөөгч хөлгөө албан ёсоор ашиглалтад орууллаа. Цэргийн шинжээчдийн үзэж буйгаар энэхүү хөлөг нь хямралын үед Пёньяны өрсөлдөгч орнуудын анхааралдаа авах ёстой шинэ хүчин зүйл болж байна. Баруун эргийн Нампо усан онгоцны үйлдвэрт болсон ёслолын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэхүү хөлгийг ашиглалтад оруулсан нь тус улсын цэргийн түүхийн шинэ бүлгийг эхлүүлж байна. Тэнгисийн цэрэг нь “70 гаруй жилийн зогсонги байдлаа эцэслэлээ. Манай зэвсэгт хүчний салбаруудаас тэнгисийн цэрэг хамгийн сул нь байсан. Харин одоо нөхцөл байдал илт өөрчлөгдсөн. Манай тэнгисийн цэргийн байлдааны чадавх төсөөллөөс давсан түвшинд хүрнэ” хэмээжээ.

Ким Жон Ун шинэ хөлгийг дотоодын үйлдвэрлэлийн үр дүн гэж онцолсон ч Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Лейф-Эрик Исли ийм хурдтайгаар хөлөг онгоц үйлдвэрлэж байгаа нь Оросоос материаллаг болон технологийн томоохон дэмжлэг авч байж болзошгүйг харуулж байна гэж үзжээ.
АНУ-ын Номхон далайн командлалын хамтарсан тагнуулын төвийн захирал асан Карл Шустер “Чой Хён нь Өмнөд Солонгост шууд шинэ аюул учруулж байна гэж би бодохгүй байна. Дайны үед амьд үлдэх чадвар нь хязгаарлагдмал” гэж дүгнэжээ.
Гэхдээ тэрбээр уг хөлгийг цэргийн ажиллагааны төлөвлөлтөд зайлшгүй тооцох шаардлагатай гэжээ. Түүний үзэж байгаагаар энэхүү хөлөг ашиглалтад орсноор АНУ, Япон, Өмнөд Солонгос Умард Солонгосын тэнгисийн цэргийн үйл ажиллагаанд тавих хяналт, тандалтаа өргөжүүлэх шаардлагатай болж магадгүй аж.
Мөн 5000 тоннын багтаамжтай, жинхэнэ далай тэнгист ажиллагаа явуулах чадвартай Умард Солонгосын анхны байлдааны хөлөг болсон нь НҮБ-ын зэвсгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шинэ сорилт үүсгэж болзошгүй юм.
Харин Өмнөд Солонгосын шинжээч Ю Жи Хүн “Бүрэн орчин үеийн сөнөөгч хөлгийн түвшинд хүрээгүй байсан ч хэрэв пуужин харвах платформ эсвэл хямралыг хурцатгах хэрэгсэл болгон ашиглавал Өмнөд Солонгосын аюулгүй байдалд бодит дарамт учруулж чадна” гэдгийг анхааруулжээ.