Украины дроны цохилтод өртсөн Москвагийн нефть боловсруулах үйлдвэр 2027 он хүртэл ажиллагаагаа сэргээж чадахгүй болжээ

Украины дроны цохилтод өртсөн Москвагийн нефть боловсруулах үйлдвэр 2027 он хүртэл ажиллагаагаа сэргээж чадахгүй болжээ

Москва хотын өмнөд хэсэгт байрлах ОХУ-ын томоохон нефть боловсруулах үйлдвэр Украины дроны удаа дараагийн халдлагад өртсөний улмаас энэ онд дахин ажиллах боломжгүй болсон талаар Reuters агентлаг мэдээллээ.

Газпром Нефть компанийн эзэмшдэг тус үйлдвэрт зургаадугаар сарын 16, 18-ны өдрүүдэд хоёр удаа дроны цохилт өгсөн байна. Эхний халдлагын үеэр үйлдвэрийн хүчин чадлын 53 хувийг бүрдүүлдэг нэрэх төхөөрөмж гэмтсэн бол хоёр дахь халдлагаар үлдсэн хүчин чадлыг бүрдүүлдэг Euro+ байгууламж эвдэрсэн байж болзошгүй аж.

Reuters агентлагийн мэдээлснээр уг үйлдвэрийг сэргээн засварлахад хамгийн багадаа зургаан сарын хугацаа шаардлагатай бөгөөд энэ нь үйлдвэрийн үйл ажиллагаа 2027 оноос өмнө бүрэн хэвийн болох боломжгүй гэсэн үг юм.

Москвагийн нефть боловсруулах үйлдвэр өнгөрсөн онд 11.6 сая тонн газрын тос боловсруулж, 2.9 сая тонн бензин, 3.2 сая тонн дизель түлш үйлдвэрлэсэн бөгөөд Оросын түлшний нийлүүлэлтийн чухал объектуудын нэгэд тооцогддог. Украин улс сүүлийн саруудад Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд, агуулах болон түлшний нийлүүлэлтийн сүлжээнд чиглэсэн дроны халдлагаа эрчимжүүлээд байгаа юм. Үүний улмаас ОХУ-ын зарим бүс нутагт түлшний нийлүүлэлт тасалдаж, бензиний үнэ оны эхнээс хойш 6.6 хувиар өссөн байна. ОХУ-ын Шадар сайд Александр Новак дотоодын түлшний зах зээлд дарамт үүсэж байгааг хүлээн зөвшөөрч, дизель түлшний экспортыг бүрэн хориглох асуудлыг судалж буйгаа мэдэгджээ.