Монголбанк мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанк мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.06.24/ болж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт танилцуулахдаа гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдал, инфляцын төлөв, геополитикийн эрсдэлүүдийг харгалзан үзсэн гэв. Тэрбээр сүүлийн үед газрын тосны үнэ буурч, зах зээлд эерэг дохио ажиглагдаж байгаа ч олон улсын хурцадмал байдал бүрэн намжаагүй байгаа нь мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжийг хязгаарлаж байгааг онцоллоо.

Одоогийн байдлаар инфляц 11 хувьд хүрээд байгаа бөгөөд цаашид 12 хувьд хүрэх төлөвтэй байгааг мөн мэдээлэв. Инфляц өсөхөд хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Харин наймдугаар сараас эхлэн махны нийлүүлэлт нэмэгдэж, үнийн дарамт буурах хүлээлттэй байгааг дурдав. Мөн энэ сард эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн нь оны сүүлээр инфляцад тодорхой дарамт үзүүлэхээр байгааг С.Наранцогт хэллээ. Эрчим хүчний салбарыг либералчлах бодлогын хүрээнд үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа тул нөлөө нь аажмаар мэдрэгдэх аж.

Түүнчлэн Засгийн газрын төсвийн тэлэлт өндөр байгаа нөхцөлд бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Үүний улмаас мөнгөний хатуу бодлого дахин нэг улирал үргэлжлэхээр болжээ. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 7.5 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Энэ нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлж байгааг Монголбанк онцоллоо.

Эдийн засгийн өсөлт оны эхний улирлын байдлаар 7.8 хувьд хүрсэн ч энэхүү өсөлтийг уул уурхай, тээврийн салбар голлон бүрдүүлжээ. Харин худалдааны салбарт агшилтын шинж ажиглагдаж байгаа аж. Ийм нөхцөлд бодлогын хүүг нэмэгдүүлэн мөнгөний бодлогыг улам чангаруулах нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзсэн байна.

Зээлийн чанарын тухайд банкны системийн үзүүлэлтүүд хэвийн байгаа ч аппликэйшнээр олгож буй хэрэглээний зээлийн чанар анхаарал татаж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч онцоллоо. Тухайлбал, иргэд хэд хэдэн банк бус санхүүгийн байгууллагаас зэрэг зээл авах тохиолдол нэмэгдэж байгаа аж. Төв банк бодлогын хүүг 2025 оны гуравдугаар сараас хойш 12 хувьд тогтвортой хадгалж байгаа бөгөөд шаардлагатай нөхцөл үүсвэл Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын тохируулга хийх боломжтой гэдгийг мэдэгдлээ.