Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт, шалгалтын албаны даргад холбогдох хэргийг шүүх хэлэлцэж, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурваэ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 10 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Тодруулбал, Г.А нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт, шалгалтын албаны даргаар ажиллаж байхдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-н ачаа, барааг гаалийн хяналтын талбайд мэдүүлсэн хэмжээнд нь татвар төлүүлж, хурдан шуурхай нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс 2024 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн хооронд гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэсэн гаалийн улсын байцаагч нарт хууль бус үүрэг чиглэл өгч, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр иргэн Т.Н-ээс бэлнээр 10 сая төгрөгийн хахууль авсан,
Т.Н нь хяналт, шалгалтын албаны дарга Г.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2025 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.А -г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 10 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, мөн Т.Н-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.