Бурхан Халдун хайрхны төрийн тахилгын ёслол үргэлжилж байна

Бурхан Халдун хайрхны төрийн тахилгын ёслол үргэлжилж байна

Монгол төрийн тахилгат Бурхан Халдун хайрхныг тахих төрийн ёслол өнөөдөр /2026.06.23/ уламжлалын дагуу үргэлжилж байна.

Ёслолын хүрээнд лам хуврагууд ном хурж, эх орон амар амгалан, ард иргэд энх тунх, байгаль дэлхий тэгш сайхан байхыг бэлгэдэн ном айлдан, уул усны эзэн савдаг, лус сахиусыг аргадан тахилгын зан үйл үйлдэж байна.

Энэ удаагийн төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу улс орон даяар шалгарсан 99 бөө оролцож байгаа бөгөөд тэд уул ус, тэнгэр хангайдаа даатгал өргөж байна. Тахилгад оролцох бөөг сонгохдоо дор хаяж 13 жил бөөлсөн байх, ёс зүйн шаардлага хангасан, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг, гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг шалгуурыг тавьжээ. Түүнчлэн “Мөнх тэнгэр хороо”-ны сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр үнэлгээ авсан есөн зайран Төрийн голомтын галын тахилга болон Хар сүлдний тахилгыг үйлдэж байна. Тахилгын өдрүүдэд 99 бөө нарны залбирал, лусын тахилга, хайрханы тахилга, галын тахилга зэрэг уламжлалт зан үйлийг цувралаар үйлдэж, улс орны амар амгалан, хөгжил цэцэглэлтийг даатгаж байгаа юм.