О.Номинчимэг нарын хуулийн төсөл тамхидалтыг бууруулах зорилготой гэх ч, "Татварын огцом өсөлт" хууль бус худалдааг өөгшүүлэх эрсдэл дагуулж байна

О.Номинчимэг нарын хуулийн төсөл тамхидалтыг бууруулах зорилготой гэх ч, "Татварын огцом өсөлт" хууль бус худалдааг өөгшүүлэх эрсдэл дагуулж байна

Монголчуудын тамхины хэрэглээ, тэр дундаа электрон тамхи татах явдал хүүхэд, залуусын дунд аюулын харанга болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл ийм үед О.Номинчимэг нарын гишүүд "Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт"-ийн төслийг өргөн бариад, одоо УИХ-аар хэлэлцэж буй. 

Түүгээр ч зогсохгүй хэлэлцэж эхэлсэн даруйдаа олон нийтийн анхааралд орж, багагүй талцал үүсгээд амжсан. Учир нь энэ хуулийн төслөөр амттай вэйпийг хориглож, тамихийг ил дэлгэн худалдаалахыг хориглохоос гадна  тамхи болон электрон тамхинд ногдуулах татварыг урьд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн явдал юм. Хуулийн төсөл батлагдвал электрон тамхи, халаадаг тамхи, никотинтой шингэн зэрэг бүтээгдэхүүнүүд анх удаа хуульд бүрэн хамрагдаж, онцгой албан татвар болон гаалийн татварын шинэ тогтолцоонд шилжинэ.

- НЭГ ХАЙРЦАГ ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР 2030 ОН ГЭХЭД 10 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО - 

Тодруулбал, өнөөдөр нэг хайрцаг буюу 20 ширхэг янжуур тамхинд 836 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байгаа бол 2026 онд 2000 төгрөг, 2027 онд 4000 төгрөг, 2028 онд 6000 төгрөг, 2029 онд 8000 төгрөг, 2030 онд 10 мянган төгрөг болж өснө. Өөрөөр хэлбэл ердөө таван жилийн дотор татварын хэмжээ 12 дахин нэмэгдэхээр байгаа юм.

Түүнчлэн электрон тамхины зах зээлд ч ижил бодлого үйлчилэхээр тусгажээ. Вэйпийн шингэний нэг миллилитрт 2026 оноос 1000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж эхлэх бөгөөд 2030 онд 5000 төгрөг хүрнэ. Харин төхөөрөмж болон дагалдах хэрэгсэл бүрт 2026 онд 5000 төгрөг, 2030 онд 25 мянган төгрөгийн татвар ногдуулахаар тусгажээ. Үүн дээр нэмээд электрон тамхи, халаадаг тамхи, никотинтой бүтээгдэхүүн болон эд ангид ногдуулах импортын гаалийн татварыг 30 хувь болгож нэмэгдүүлэх санал багтсан байна.

- АФРИКТ COVID-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ТАМХИНЫ ХУДАЛДААГ ХОРИГЛОСНООР ХУУЛЬ БУС ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛ ЭРЧИМТЭЙ ТЭЛЖЭЭ - 

Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс энэ бодлогыг тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэмээн тайлбарлаж буй юм.  Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн хэлснээр “маш хямд болсон янжуур тамхины үнийг татвараар өсгөж, хэрэглээг бууруулах” нь хуулийн гол зорилго аж.

Түүнчлэн олон улсад ч тамхины үнэ өсөх тусам хэрэглээ буурдаг гэсэн судалгаанууд бий. Гэхдээ дан ганц татвар нэмснээрээ тамхины хэрэглээ буурахгүй бөгөөд зарим тохиолдолд хууль бус худалдааг өөгшүүлэх эрсдэл дагуулдаг ажээ. Үүнд гадны зарим орны жишээг дурдахад, Өмнөд Африкт COVID-19 цар тахлын үеэр тамхины худалдааг бүрэн хориглосноор хууль бус тамхины зах зээл эрчимтэй тэлжээ. Судалгаагаар өмнө нь зах зээлийн тодорхой хэсгийг эзэлдэг байсан хууль бус худалдаа дээрх хоригийн үед давамгай байр суурь эзэлж, хориг цуцлагдсаны дараа ч далд сүлжээний томоохон хэсэг хэвээр үлдсэн байна. 

Харин Австрали улс тамхины хэрэглээг бууруулах зорилгоор олон жилийн турш онцгой албан татвараа тогтмол нэмэгдүүлж, дэлхийн хамгийн өндөр үнэтэй тамхины зах зээлийн нэг болсон. Гэвч үүний зэрэгцээ хууль бус тамхины худалдаа гэх том асуудалтай тулгарчээ. Тодруулбал, Австралийн Хилийн хамгаалах албаны мэдээллээр зөвхөн 2024-2025 оны санхүүгийн жилд 2.5 тэрбум гаруй ширхэг хууль бус тамхи, 435 тонн задгай тамхи хураан авчээ. 

Мөн АНУ, Европ, Австрали зэрэг орнуудад тамхины үнэ өндөр байдаг нь зөвхөн татвар бус, үйлдвэрлэлийн хатуу стандарт, чанарын хяналт, хууль эрх зүйн шаардлагатай нягт холбоотой байдаг юм. Мэдээж тамхи бол тамхи. Аль ч улсын бүтээгдэхүүн эрүүл мэндэд хор нөлөөтэй. Гэхдээ хэрэглэгчийн хувьд чанар, үйлдвэрлэлийн стандарт, хяналтын тогтолцоо хамгийн чухал юм. 

- ЭЗХЯ: ТАМХИДАЛТЫГ БУУРУУЛАХ БОДЛОГЫГ ДЭМЖИЖ БАЙГАА Ч ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛИЙГ ТООЦООЛОХ ШААРДЛАГАТАЙ - 

Дээрх хуулийн төсөл батлагдаж, татвар нэмэгдвэл манай улсад ч ийм асуудал гарч болохыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас тайлбарласан байна. Ингэхдээ тамхидалтыг бууруулах бодлогыг дэмжиж байгаа ч татварын огцом өсөлтөөс үүдэн хууль бус худалдаа, далд эдийн засаг, татварын орлогын алдагдал бий болох эрсдэлийг тооцох шаардлагатай гэж үзжээ. Ялангуяа онцгой албан татварыг 2030 он хүртэл жил бүр өндөр хувиар нэмэгдүүлэх нь бүс нутгийн зах зээлүүдтэй харьцуулахад үнийн зөрүүг хэт өсгөж, хууль ёсны худалдааг хумих эрсдэлтэй гэж анхааруулсан байна. Үүний үр дүнд хууль бус импорт, контрабанд, татвараас зайлсхийх сүлжээ бий болох магадлал нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

- ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЯНЖУУР ТАМХИНЫ ҮНЭ 2030 ОН ГЭХЭД 20 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРНЭ - 

Түүнчлэн сөрөг хүчин Ардчилсан намаас энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж буй. Тэдний зүгээс ямар ч төрлийн татвар нэмэхгүй гэж байсан МАН сүүлийн 9 жилд маш олон төрлийн татвар хураамжуудыг нэмсэн талаар дурдсан юм. Нийгмийн бүх салбарт татвар хураамжийг нэмэгдүүлж байгаагийн бодитой жишээ нь яг одоо УИХ-аар хэлэлцэж буй Тамхины тухай хууль болоод байна. Энэ хууль бол тамхины хэрэглээг бууруулах, өсвөр залуу үеийг тамхины хамаарлаас сэргийлэх үндсэн зорилготой.

Гэхдээ санал болгож байга татварын шийдэл нь эсрэг үр дүнд хүргэж болзошгүй байгаа юм. Энэ хуулийн дагуу бүх төрлийн тамхины онцгой албан татварыг 5 жилийн турш жил бүр үе шаттай нэмэгдүүлэхээр болсон. Үүний дагуу хууль батлагдвал өнөөдөр 4200 төгрөгөөр зарагдаж байгаа тамхи хууль батлагдмагц 8000 төгрөг болно. 2030 он гэхэд 20 000 төгрөгт хүрнэ. Дэлгүүрт 22 000 төгрөгөөр зарагдаж байгаа вейп энэ хууль батлагдсаны дараа 75 000 төгрөгийн үнэтэй болно. Гар дээрээс 20 000 төгрөгөөр зарагдаж буй халаадаг тамхи мөн хоёр дахин нэмэгдэнэ. Хүсч байгаачлан богино хугацаанд тамхины хэрэглээ буурахгүй. Харин татвараас гадна хил дамнасан хууль бус тамхины наймаа бий болно. Монгол Улсад бараг байдаггүй хуурамч тамхины зах зээл шинээр бий болох эрсдэл байна хэмээн тайлбарлаж буй. Тамхины хэрэглээг бууруулах шаардлага байгаа гэдэг дээр хүн бүхэн санал нэгдэж буй. Харин үүнд хүрэх арга зам нь маргааны гол сэдэв болоод байгаа юм.  Хуулийн төсөл санаачлагчид татварын бодлогоор дамжуулан хэрэглээг бууруулна гэж үзэж байгаа бол нөгөө талд үнийн огцом өсөлт нь хууль бус худалдаа, контрабандын зах зээлийг тэлэх эрсдэлтэйг сануулж байна.

 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө