Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

Египетийн баруун нутгийн Бахария баян бүрдээс археологичид ойролцоогоор 2500 жилийн настай эртний сүмийн цогцолборын үлдэгдлийг олж илрүүлжээ.

Уг олдворыг "Аль-Каср Аль-Кадим" ("Хуучин ордон") сүмийн орчмоос илрүүлсэн бөгөөд манай эриний өмнөх 664-525 онд Египетийг захирч байсан 26 дугаар угсааны хаанчлалын үед хамаарах аж.

Египетийн эртний олдворын салбарын дарга Мухаммад Абд аль-Бади мэдээлэхдээ, сүмийн 16 элсэн чулуун багана бүхий гол баганат танхим, мөн уг танхимтай залгаа өрөөнүүд болон тахилын онгонуудыг археологичид илрүүлж чадсан гэлээ. Хана болон архитектурын элементүүд дээр Эртний Египетийн бурхад болох Амон-Ра, Амунет, Хонсу нарын нэрийг дүрс үсгээр сийлсэн нь хадгалагдан үлдсэн байна.

Судлаачдын тогтоосноор, уг танхимын барилгын ажил Фараон I Псамтикийн үед эхэлж, грекчүүдийн Амасис гэж нэрлэдэг байсан II Яхмос, Априй гэдэг нэрээрээ илүү алдартай Вахибре нарын хаанчлалын үед дууссан байна.