МАН-ын Удирдах зөвлөлөөс аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үр дүнг танилцууллаа.Нөхөн сонгуулийн нийт 46 мандатаас МАН 26 мандат авч, 56.5 хувийн үзүүлэлтээр ялалт байгуулсан байна.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ирэх Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “МАН энэ удаад Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ зөвхөн намын хүрээнд бус, ард иргэдийн саналд тулгуурлан тодруулна. Намын гишүүдээс гадна мэргэжлийн байгууллага, холбоод, бизнесийн салбарын төлөөлөл зэрэг нийгмийн бүх хүрээний саналыг авч, дараагийн зургаан жилд төрийн тэргүүнээр ажиллах хүнийг сонгох болно” гэв. Мөн Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвших хүн нь 50-аас дээш настай, Монгол Улсад сүүлийн таван жил байнга оршин суусан байх шаардлагатайг онцолсон юм.
Харин намын дотоод хагарал, бүлэглэлтэй холбоотой асуудлаар тэрбээр “МАН-ын 31 дүгээр Их хурлаар ойлголцлын зөрүүтэй байсан асуудлууд шийдэгдсэн. Одоогоор парламент дахь бүлэг 30, 38 гэсэн хуваагдалгүй болсон. Хувь улстөрчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа тохиолдол бий” хэмээн тайлбарлалаа.