АНУ, Иран улсууд "60 хоногийн дотор эцсийн хэлэлцээр байгуулах замын зураглал"-д тохиролцсон гэж мэдэгджээ

АНУ, Иран улсууд "60 хоногийн дотор эцсийн хэлэлцээр байгуулах замын зураглал"-д тохиролцсон гэж мэдэгджээ

АНУ, Ираны хооронд дайныг эцэслэх зорилготой хэлэлцээний эхний шат “урам зоригтой ахиц дэвшил”-ээр өндөрлөсөн талаар Катар болон Пакистан улсын зуучлагчид мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт талууд анхны тохиролцоонд хүрсний дараа шинэ шатны хэлэлцээгээ өчигдөр /2026.06.21/ Швейцарийн Люцерн хотод эхлүүлсэн юм.

Катар, Пакистан улсууд өнөөдөр /2026.06.22/ гаргасан хамтарсан мэдэгдэлдээ АНУ, Ираны төлөөлөгчдөөс бүрдсэн өндөр түвшний хороо 60 хоногийн дотор эцсийн хэлэлцээр байгуулах замын зураглал дээр тохиролцсон гэж мэдээлжээ. Мөн техникийн түвшний хэлэлцээ энэ долоо хоногийн турш үргэлжлэхээр болсон байна. 

Хэлэлцээнд оролцож буй АНУ-ын нэгэн дипломатчийн мэдээлснээр талууд Ормузын хоолойг дахин бүрэн нээх, Ливанд гал зогсоох дэглэмийг хэрэгжүүлэх, мөн Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.

Зуучлагчдын мэдэгдэлд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх худалдааны хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор осол, үл ойлголцлоос сэргийлэх “шууд харилцааны шугам” байгуулахаар тохиролцсон тухай дурдсан байна. Хэлэлцээний эхний шат нь өнгөрсөн долоо хоногт байгуулсан урьдчилсан тохиролцооны үргэлжлэл болж байгаа аж. Тухайн тохиролцоонд 60 хоногийн дотор эцсийн "энхийн гэрээ"-г байгуулах, Ливан зэрэг бүс нутгийн бүх фронтод гал зогсоох, Ормузын хоолойг дахин нээх зэрэг асуудал багтсан байна.

Катар, Пакистаны хамтарсан мэдэгдэлд “Ливан дахь цэргийн ажиллагааг зогсоох зорилгоор талууд, Ливаны Засгийн газар болон зуучлагч орнуудын оролцоотой мөргөлдөөн намжаах хамтарсан бүлэг байгуулахаар тохиролцсон” гэж дурдсан байна.

Хэлэлцээний өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираныг Ливан дахь холбоотон хүчнүүдээ хяналтандаа байлгахыг шаардаж, хэрэв бүс нутгийн тогтворгүй байдлыг үргэлжлүүлбэл “маш хүчтэй хариу арга хэмжээ авна” гэж анхааруулжээ. Харин Ираны парламентын дарга бөгөөд хэлэлцээрийн багийн гол гишүүн Мохаммад Багер Галибаф АНУ-ын сүрдүүлгийг няцааж, “Тэдний заналхийлэл үр дүнтэй байсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Үйлдэл хийдэг нь бид” гэж мэдэгдсэн байна.

Өчигдөр /2026.06.21/ мөргөлдөөний эрчим харьцангуй буурсан гэж мэдээлэгдсэн ч Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өмнөд Ливанд байрлаж буй манай цэргүүд шаардлагатай хугацаанд үлдэнэ гэж мэдэгджээ. Харин Хезболлахын тэргүүн Наим Кассем Израилийн цэргийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийгөө хамгаалсаар байх болно гэж мэдэгдсэн байна.

Швейцарт өчигдөр болсон уулзалтын өмнө АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, "Ерөнхийлөгч Д.Трамп хэлэлцээчдэд шинэ хуудас нээх үүрэг өгсөн" гэж мэдэгдсэн байна. 

Түүний хэлснээр, хэрэв Иран бүс нутгийн тогтворгүй байдлыг өдөөх бодлого болон цөмийн зэвсгийн талаарх урт хугацааны зорилгоосоо татгалзахад бэлэн байвал Вашингтон Тегерантай харилцах харилцаагаа үндсээр нь өөрчлөхөд бэлэн байгаа аж. Харин Иран цөмийн хөтөлбөр нь зөвхөн энхийн зорилготой гэж мэдэгдсээр байгаа юм. Хэлэлцээний хүрээнд Ормузын хоолойн үйл ажиллагааг хэвийн болгох асуудал онцгой байр суурь эзэлж байгаа. Дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувь энэ усан замаар дамжин өнгөрдөг бөгөөд түүний хаагдалт дэлхийн зах зээлд томоохон дарамт үүсгээд байна.

Мөн анхны тохиролцооны хүрээнд Ираны сэргээн босголтод зориулсан 300 тэрбум ам.долларын багц төлөвлөгөө, АНУ-аас хэрэгжүүлж буй өргөн хүрээний хориг арга хэмжээг үе шаттайгаар цуцлах асуудлыг хэлэлцэхээр тусгасан байна. Гэсэн хэдий ч хоёр талын маргааны гол сэдэв болох Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал эцэслэн шийдэгдээгүй хэвээр байгаа бөгөөд ирэх 60 хоногийн хэлэлцээ энхийн гэрээ байгуулах эсэхийг шийдэх гол үе шат болох төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC