Автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөлд 948 иргэн нэгдээд байна

Автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөлд 948 иргэн нэгдээд байна

Автомашины албан татвар болон авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг хүчингүй болгож, өмнөх хэмжээнд нь буцаан тогтоохыг шаардсан нийтийн өргөдөлд өнөөдрийн байдлаар 948 иргэн гарын үсэг зураад байна.

Уг өргөдлийг иргэн Э.Баясалцэнгэл санаачилж, УИХ-ын нийтийн өргөдөл, саналын цахим системд байршуулжээ. Өргөдөлд дурдсанаар, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн автомашины албан татвар болон зам ашигласны төлбөрийн өсөлт нь үндэслэлгүй, шударга бус бөгөөд хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тиймээс татвар, төлбөрийн нэмэгдлийг цуцалж, өмнөх хэмжээнд нь сэргээхийг шаардаж байна. Мөн автомашины татвар дунджаар 300 хувь, зам ашигласны төлбөр 500 хувь хүртэл нэмэгдсэн хэдий ч авто замын чанар, засвар үйлчилгээ, тэмдэг тэмдэглэгээний нөхцөл байдалд дорвитой ахиц гараагүй гэж өргөдөл санаачлагчид үзжээ. Иймээс нэмэгдүүлсэн татвар, төлбөрийн зөрүүг иргэдэд буцаан олгох шаардлагыг ч өргөдөлд тусгасан байна. Тус өргөдөлд иргэдийн саналыг энэ сарын 27-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд хуульд заасан босго болох 33 мянган иргэний дэмжлэгийг авсан тохиолдолд холбогдох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдах юм.